АРХАНГАЙ: 1000 орчим хүүхдэд шүдний эмчилгээ, зөвлөгөө өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-11-17 10:22:30

Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн алслагдсан сумдад шүдний эмчилгээ, үйлчилгээг хүргэх зорилгоор аймгийн Засаг дарга явуулын шүдний эмчилгээ үзүүлдэг “Мишээл хүүхдийн сан”-д хүсэлт тавьжээ.

 

Тус сангаас хүсэлтийг хүлээн авч, Цахир, Хангай сумын 1-17 насны 1000 орчимд хүүхдийн шүдний өвчлөлийг эмчлэх, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох үйлчилгээг энэ сарын 15–наас эхлэн 15 хоногийн хугацаанд үнэ төлбөргүй үзүүлж эхэллээ.

 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд явуулж буй тус үзлэг Цахир суманд 21-ний өдрийг хүртэл ажиллах ба 22-нд Хангай сум руу хөдлөх юм.


Мишээл хүүхдийн сан нь 2015 оноос эхлэн хүүхдийн шүдний эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар аймагт явуулын шүдний эмнэлгийн үйлчилгээг хүргэж байжээ.

Холбоотой мэдээ