ӨВӨРХАНГАЙ: Харааны бэрхшээлтэй иргэдийн зөвлөгөөнд 10 аймгийн төлөөлөл оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-11-16 20:26:49

Арвайхээр, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны орон нутгийн салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гишүүдийг чадавхжуулах зорилго бүхий “Эрх, Хөгжил, Оролцоо” сэдэвт сургалт, зөвлөгөөн Арвайхээр хотод болж байна.


11 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд үргэлжлэх тус үйл ажиллагаанд Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Булган, Өвөрхангай аймаг дахь МХҮХ-ны салбар зөвлөлийн тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүд зэрэг 30 хүн, мөн Өвөрхангай аймгийн 19 сумаас харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хамрагдаж байгаа юм. Сургалтаар төр засаг болон орон нутгаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дотроо харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Мөн орон нутгийн төсөв төлөвлөх үйл явцад хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, нөлөөллийн талаар ярилцав.



“Харааны бэрхшээлтэй хүмүүст орчны хүртээмж буюу зөв тавигдсан чиглүүлэгч хөтөч зам, дуут дохио чухал байдаг. Өвөрхангай аймаг дөрвөн замын уулзваруудад дуут дохио суулгасан нь давуу, ололттой тал байлаа” хэмээн МХҮХ-ны ерөнхийлөгч Б.Ганзориг хэлж байлаа.


Өвөрхангай аймагт хөгжлийн бэрхшээлтэй 4450 хүн байдгаас 555 нь харааны бэрхшээлтэй аж. Ирэх онд аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулахаар улсын төсөвт 4.2 тэрбум төгрөгийг суулгасан байна. Мөн Арвайхээр сумын 11 дүгээр тусгай цэцэрлэгийг барилгатай болгоно. 

Холбоотой мэдээ