ДОРНОГОВЬ: Цас дахин орвол өвөлжилт хүндэрч болзошгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-16 15:16:22

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Одоогийн байдлаар Дорноговь аймгийн нийт нутгийн 60 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ.


Тодруулбал, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Айраг, Даланжаргалан сумын нутгаар цас илүү унасан бөгөөд дахин цас орвол өвөлжилт хүндэрч болзошгүй хэмээн аймгийн ХХАГГ-аас мэдээлэв.


Өвөлжилтөд бэлтгэх тухай Засгийн газрын албан даалгавар, аймгийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд тус аймаг өвөлжилтийн бэлтгэлээ 90 орчим хувиар  хангажээ.


Мөн 14 сумын Засаг дарга, агентлаг, байгууллагын дарга нарт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээг бүх шугамаар түгээх, сумдын аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, хүн хүч, техник, хэрэгслийн бэлэн байдлыг хангах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллахыг үүрэг болгосон байна.


Холбоотой мэдээ