ОРХОН: Б.Болороо: Тусгай хэрэгцээт хүний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд олон талын оролцоо чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 8, /МОНЦАМЭ/. ХНХЯ-ны мэргэжилтэн, сургагч багш Б.Болороо “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сэдвээр илтгэл танилцууллаа. Орхон аймгийн ЗДТГ “Соёлыг түгээе” сарын аяны хүрээнд олон нийтэд тусгай хэрэгцээт хүмүүсийн онцлог, ялгаатай байдлыг ойлгуулах, хүний эрхийн талаарх мэдлэгийг нь тэлэх зорилгоор Б.Болороо мэргэжилтнийг урьжээ.
Тэрбээр хэлэхдээ, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх гэж тусдаа эрх байдаггүй. Хүн ямар эрх эдлэх ёстой юм түүнийгээ л эдэлнэ. Үүргээ ч хүлээх ёстой. Харин нийгмийн асуудлыг нь бүх талын оролцоотойгоор шийдвэрлэх ёстой байдаг” гэсэн юм. Мөн өнгөрсөн онд тус илтгэлийг төрийн албан хаагч болон иргэдэд танилцуулсан бөгөөд хүмүүсийн хандлагыг өөрчлөхийн тулд байнга хэлж, ярьж, хэлэлцэж байхыг онцоллоо. Энэ удаа сургууль, цэцэрлэгийн багш, эцэг, эх, асран хамгаалагч нарт илтгэлээ танилцуулна.
Орхон аймаг 130 мянган
хүн амтай. Үүний 4500 нь тусгай хэрэгцээт иргэд юм. Тэдний нийгмийн асуудал,
хөдөлмөр эрхлэлт, сурч боловсрох эрхийг хангахын тулд орон нутгийн удирдлагууд олон
ажлыг санаачилж хэрэгжүүлдэг юм.