ӨВӨРХАНГАЙ: Сүүлийн зургаан жилд 524 өрхийг малжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-11-06 17:44:11

Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас энэ онд 19 сумын 214 малчныг малжуулах хөтөлбөрт хамруулсан байна.


Өнөөдөр тус хөтөлбөрт хамрагдсан малчдыг сургалт, зөвлөгөөнд оролцуулж, аварга малчдын туршлагыг хуваалцах, мал аж ахуйн салбарт аймгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн мэдээллийг авах боломжоор хангалаа. Мөн хүн, малын эрүүл мэнд, малын хулгайтай тэмцэх, хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.


“Энэ жилийн хувьд 100 малчныг хамруулах байсан ч байгаль, цаг уурын бэрхшээл, отор нүүдлийн улмаас малчид мал сүргээ багагүй хорогдуулсан, нэмж мал авах хүсэлтэй өрхийн тоо олон байсан учраас УИХ-ын гишүүдийн дэмжлэгээр малжуулах өрхийн тоог нэмж, 214 болголоо” хэмээн аймгийн ХХҮГ-ын дарга Т.Нарангарав хэллээ.



Өвөрхангай аймгийн хөдөлмөрийн насны иргэдийн 50 гаруй хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж, аймгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувийг бүрдүүлдэг. Мал маллаж, ашиг шимийг нь хүртэж амьдрах сонирхолтой ч цөөн тооны малтай, малжих хүсэлтэй иргэд олон бий. 


Тиймээс "Малжуулах хөтөлбөр"-ийг тус аймагт амжилттай хэрэгжүүлж, сүүлийн зургаан жилд 524 өрхийг 2 тэрбум 620 сая төгрөгөөр малжуулаад байна. Уг хөтөлбөрт хамрагдсан малчдаас "Аймгийн аварга малчин" гурав төржээ. 


Холбоотой мэдээ