ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-10-26 17:54:49

БИШКЕК, 2023 оны аравдугаар сарын 26 /Kabar/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Киргизийн нийслэл Бишкек хотноо өнөөдөр боллоо.


Энэхүү хуралдааныг ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн дарга, Киргизийн Сайд нарын танхимын дарга Акылбек Жапаров удирдан явуулав. Тэрбээр хуралд оролцогчдыг халуун дотноор хүлээн авч, COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш анх удаа нүүр тулсан хэлбэрээр уулзалт хийж байгааг цохон тэмдэглэжээ.


Өдгөө ШХАБ нь аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцох, харилцан хүлээн зөвшөөрөхүйц механизмыг хөгжүүлэх олон улсын өвөрмөц холбоо болоод байна. Манай байгууллага нээлттэй бөгөөд эрэлт хэрэгцээтэй байгаа нь ШХАБ-ын гэр бүл өргөжиж байгаагаас харагдаж байна гэж А.Жапаров хэлжээ. Мөн хамтын ажиллагааны хамгийн чухал тал нь бүс нутгийн аюулгүй байдлын асуудал байх ёстой гэдгийг тэрбээр онцолсон байна.


Тэрбээр цааш хэлэхдээ “ШХАБ-ын гишүүн орнуудын аюулгүй байдалд тулгарч буй сорилт, аюул заналтай тэмцэх механизмыг боловсронгуй болгох тухай” Төрийн тэргүүн нарын зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд энэ чиглэлээр үндэсний санаачилгыг уялдуулах идэвхтэй ажил хийгдэж байна. Түүнчлэн ШХАБ-ын үйл ажиллагааг сайжруулахад нухацтай анхаарах ёстой. Манай байгууллагын дүрмийн баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах, бүтцийн шинэчлэл хийх талаар бидэнд хийж гүйцэтгэх ажил их байна” гэв.


Үүний зэрэгцээ худалдаа, үйлдвэрлэл, эрчим хүч, зам тээвэр, хөрөнгө оруулалт, санхүү, хөдөө аж ахуй, гааль, харилцаа холбоо болон харилцан сонирхсон бусад салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хиймэл оюун ухааны салбарт технологи хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлэх шаардлагатайг онцолжээ.


ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн дараагийн ээлжит хуралдаан Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад болно гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Үүнтэй холбогдуулан Пакистаны талд амжилттай даргалахыг хүсэн ерөөе хэмээн А.Жапаров үгийнхээ төгсгөлд хэллээ.

Холбоотой мэдээ