ДАРХАН-УУЛ: Нэг жилийн хугацаанд 75 хос гэрлэх ёслолоо хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-26 16:54:51

Дархан, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Дархан хотын “Гэрлэх ёслолын өргөө”-г дахин сэргээж үйл ажиллагаагаа явуулж эхэлсний нэг жилийн ой энэ сарын 17-ны өдөр тохиосон. 2022 оны аравдугаар сарын 17 буюу хотын баярын өдөр үйл ажиллагаагаа сэргээж, байнгын үйл ажиллагаатай болсноос хойш өнөөдрийг хүртэл нийт 75 хос гэрлэх ёслолоо хийсэн байна.




Нэг жилийн хугацаанд Очир-Эрдэнийн ёслол дөрвөн хос, Мөнгөн хурим нэг хос, 64 залуу хос гэрлэх ёслолоо хийсэн бол “Гэрлэх ёслолын өргөө”-ний хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд зургаан залуу хосын хуримын ёслолыг үнэ төлбөргүй хийж үйлчилжээ.




Үндсэн зургаан ажилтантай бөгөөд менежер, олон нийттэй харилцах ажилтан, үйлчлэгч тус бүр нэг, гурван харуулын орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.




Түүнчлэн гэрээт ажилтнаар Б.Уранчимэг, Ч.Дунгаамаа нар хөтлөгч, морин хуурч, ерөөлч, магтаалч Ц.Дүйнхэрсүрэн, техникийн ажилтнаар Н.Энхбат, гэрэл зурагчнаар Х.Баянмөнх, дүрс бичлэгийн ажилтнаар Г.Гантулга нар ажилладаг аж.




1984 оны 6 дугаар 17-нд анх ашиглалтад орж тасралтгүй 17 жил үйл ажиллагаагаа явуулж байсан “Гэрлэх ёслолын өргөө” нь 2001 онд өмч хувьчлалаар хувьд шилжсэн аж. Хувийн хэвшилд шилжсэнээс хойш үндсэн үйл ажиллагаа явуулах боломжгүй 21 жил болсон байна. Харин гурван жилийн өмнө “Дархан нутаг” ТББ худалдан авч иж бүрэн засвар, шинэчлэлийг хийж үндсэн үйл ажиллагааг сэргээн, нийгмийн хариуцлагын хүрээнд засварлаж тохижуулсан.




Үйл ажиллагааг төр хариуцан явах ёстой гэдгийг төрийн бус байгууллагынхан тухайн үед онцолж, аймгийн удирдлагууд "Дархан Нутаг" ТББ-ын тэргүүн Б.Мөнхдаш нар зөвшилцсөний үндсэн дээр аймгийн ИТХ-ын шийдвэрээр орон нутаг худалдан авсан түүхтэй.




Дархан хотын “Гэрлэх ёслолын өргөө” нь шинээр гэрлэлтээ батлуулж буй залуу хосуудад гэрлэсний гэрчилгээ гардуулах ёслолын үйл ажиллагааг хүндэтгэлийн өргөөндөө улирал тутамд зохион байгуулж хэвшжээ. Ингэхдээ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Соёл урлагийн газартай хамтран ажиллаж байна. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өгсөн мэдээллээр жилд дунджаар 540-550 хос гэрлэлтийн гэрчилгээгээ гардан авдаг аж.




Гэрлэх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулахдаа хуримын ёслолын хамааралтай бүтээгдэхүүн, хүлээн авалт, чимэглэл хийдэг хувь хүн албан байгууллагатай хамтран ажиллаж байна.

Мөн зөвхөн хуримлагч хосуудад үйлчлэхээс гадна гэр бүлийн зөвлөгөө, мэдээлэл, сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулж байна.




Ташрамд, залуу хосуудынхаа амьдралын торгон мөчийг гэрчлэн баталгаажуулах “Гэрлэх ёслолын өргөө” үйл ажиллагаагаа дахин сэргээж явуулсан нэг жилийн өмнөх анхны хуримлагч хос нь төрийн албан хаагчид байсан юм. Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагч, ахлагч А.Нямдорж, Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн Салааны захирагч, Дэслэгч Т.Хулан нар гэрлэлтээ батлуулж байжээ.



 

Холбоотой мэдээ