Өнгөрөгч гурван жилийн хугацаанд 11.9 их наяд төгрөгийн гадаад өр зээлийн зохицуулалтыг хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-19 16:34:56

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.


Төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тус тус танилцууллаа. Сангийн сайд энэ үеэр Засгийн газрын өрийг амжилттай бууруулж ирсэн болохоо дурдаад өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийтдээ 11.9 их наяд төгрөгийн гадаад өр зээлийн зохицуулалтыг хийсэн. Үүний 4.8 их наяд төгрөг нь дахин санхүүжилт, зээлийн хүү, үндсэн өрийн төлбөрт 6.5 их наяд төгрөг зарцуулсан гэв.


Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах боломжийн талаар Г.Амартүвшин гишүүн тодруулсан юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул, геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдал, түүнээс улбаалсан инфляцын дарамт зэрэг амаргүй сорилтуудыг Монгол Улс даван туулсан гэдгийг ажлын хэсэг тэмдэглэлээ. Амаргүй нөхцөлд зээлжих зэрэглэлийг бууруулахгүй, нэг түвшиндээ амжилттай хадгалаад явж байгаа гээд “Цаашид өрсөлдөөнийг нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулалтыг өсгөх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх замаар эдийн засгийн орчныг сайжруулах замаар Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах боломжтой хэмээн үзэж, Засгийн газар ажиллаж байна” гэв.


Төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт гэдгийг Г.Тэмүүлэн гишүүн онцлоод, төсвийн шинэчлэлийн хүрээнд ирэх жилээс Эдийн засаг, хөгжлийн яам энэ бодлогыг боловсруулна гэдгийг хэлсэн. Эдийн засаг, хөгжлийн яам макро эдийн засгийн гол төлөвлөлтүүдийг гаргадаг байх үндсэн чиг үүрэгтэй болсныг тэрбээр хэлээд, энэ чиглэлээр бэлтгэлээ хангаж байгаа эсэхийг лавлаж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Эдийн засагт өсөлт нь нийгмийн бүх хэсэгт нөлөөлөхгүй байгааг М.Оюунчимэг гишүүн тодотгоод төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж эдийн засгийн өсөлтийн нөлөөг өрх бүрд хүргэх шаардлагыг онцолж, энэ талаар тодруулахыг Сангийн сайдаас хүслээ. Б.Жавхлан сайд хариулахдаа, урсгал зардал 4.9 их наяд төгрөг буюу өмнөх оныхоос 22 хувиар өссөн байгааг онцолсон. Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх арга хэмжээний зардал гэдгийг тэрбээр хэлээд, “4.9 их наяд төгрөгийн 65 хувь нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл буюу иргэдийн гар дээр шууд очно. Боловсролын хууль болон нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг хангахад 20 хувийг зарцуулах юм. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр 100 хувь даах, тэтгэвэр тогтоох 7 жилийг 5 жил болгосонтой холбоотой зардал, малчдын нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой зардлууд гэх мэтээр 485 тэрбум төгрөг төсөвлөгдөж байна. Үүн дээр ирэх онд болох нэг удаагийн үйл явдлууд буюу УИХ-ын ээлжит сонгууль, олимп, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай холбоотой олгох нэг удаагийн тэтгэмж, уул уурхайн салбар дахь нэг удаагийн томоохон урсгал зардлуудыг дурдаж болно” гэв.


Эдийн засаг, хөгжлийн яам 2024 оны жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа иргэдийн орлогыг хамгаалах зорилт тавьж, энэ хүрээндээ экспортыг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн экспортыг эрчимжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг тус яамны дэд сайд Г.Түвдэндорж хэллээ. Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүргэхдээ төсвийн бодлогоороо дамжуулна. Өөрөөр хэлбэл, цалин, тэтгэвэр, тэтгэмж, үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, хүн амын өсөлт, үнэ тарифын өөрчлөлттэй холбоотой зардлуудыг тусгах буюу төсвийн бодлогоороо дамжуулж хэрэгжүүлнэ гэв. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад 54.9 хувь нь 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.


Холбоотой мэдээ