СЭЛЭНГЭ: Л.Наранцэцэг: Багш нарын шинжлэх ухааны мэдлэг ойлголт сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-18 10:03:46

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Багш нарын ур чадварын тэмцээний шүүгч аймгийн БШУГ-ын хими, биологи, эрүүл мэндийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Лувсанжамбаагийн Наранцэцэгтэй ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Super science Selenge-2023” шинжлэх ухааны бүтээлийн уралдааны багш нарын тэмцээн маш өрсөлдөөнтэй болсон. Хүүхдүүдтэйгээ мөр зэрэгцээд багш нар маань ч ур чадвараараа уралдаж байгаа нь сайхан санагдлаа. Ерөнхий шүүгчийн хувьд багш нарын уралдааны талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Энэ үйл ажиллагааны нэг хэсэг бол багш нар шинжлэх ухааны мэдлэг ойлголт болоод тухайн судлагдахууны сонгосон нэг агуулгыг хүүхдэд хэрхэн яаж, ямар арга зүйгээр хүргэх боломж байна вэ гэдгийг харуулж чадсан хэсэг байгаа.

 

Багш бүр өөр өөрийн арга зүйгээр уралдаж чадлаа. Манай багш нар маш чадварлаг байна. Хүүхдэд хүргэх арга зүй сайтай байна. Мөн шинжлэх ухааны мэдлэг ойлголт сайтай нь харагдлаа.

 

Мөн сүүлийн үеийн мэдээлэл харилцааны технологийг сургалтдаа өргөн дэлгэр ашиглаж чадаж байна. Түүнчлэн багш нар сурагчдын ялгаатай байдлыг анзаарч хичээлийнхээ хэрэглэгдэхүүн болоод гарын авлага, даалгавруудыг сонголтойгоор ашиглаж чадаж байгаа нь манай багш нарын чадвар сайн байгааг илтгэж байгаа юм.

 

-Багш нар чадвартай, сайн байгааг яг чухам юугаар харж болох вэ?

-Багш нарын чадвар сайн байгаа нь өнөөдөр энэ заал дүүрэн тавигдсан маш олон шинжлэх ухааны мэдлэг ойлголтыг амьдрал практикт хослуулсан бүтээлээр хүүхдүүд гаргаж ирж чадсанаар харж болно.

 

Энэ бол манай багш нарын хөдөлмөрийн үр дүн гэдэг нь тодорхой харагдаж байна. Багш, сурагчид тухайн бүтээлээ мөн хичээлээ заахдаа тогтвортой хөгжлийн зорилтыг хангахуйцаар заалаа. Ур чадвараа харуулж, бүтээлээ тайлбарлаж чадлаа.

 

Мэдээж уралдаан тэмцээн учраас түрүүлэх бол нэг, оролцоно гэдэг гайхамшиг шүү дээ.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ