ДАРХАН-УУЛ: Лодойн Жүгдэрт “Хүндэт иргэн” цол олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-17 17:56:12

Дархан, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дархан хот байгуулагдсаны түүхт 62 жилийн ой өнөөдөр тохиож байна.


Баярын хүндэтгэлийн хурлыг Залуучууд театрын их танхимд зохион байгуулж, хурлын эхэнд аймгийн Засаг дарга Б.Азжаргал хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр Лодойн Жүгдэрийг Дархан хотын “Хүндэт иргэн” цолоор шагнаж урамшуулсныг түүний үр хүүхдүүдэд гардуулан өгөв.




Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргын захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.12 дахь заалт, аймгийн ИТХ-ын 2021 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан шагналын журмын хоёрдугаар заалтыг үндэслэн, Дархан хот байгуулагдсаны 62 жилийн ойг тохиолдуулан хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалт, эрчим хүчний салбарын түүхийг бүтээлцэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Жүгдэрт “Хүндэт иргэн” цол олгосныг ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Энхбат уншиж сонордууллаа.




Л.Жүгдэр нь 1943 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төржээ. 1988 онд Дарханы дулааны цахилгаан станцын даргаар томилогдож, 1990 оны төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үед Дархан хотын ихэнх үйлдвэр зогссон ч тухайн хүнд цагийн бэрхшээлийг даван туулж ирснийг онцолж байлаа.




Түүнчлэн Герман улсын урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр Дархан станцын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, солих ажлын суурийг тавьж байжээ. Улсад 54 жил ажилласнаас 38 жилийг цахилгаан дулааны эрчим хүчээр найдвартай хангахад зориулжээ.


Ташрамд, Лодойн Жүгдэр нь Бүгд Найрамдах Энэтхэг улсад эрүүл мэндийн шалтгаантай зорчиж байгаа тул түүнийг төлөөлж үр хүүхдүүд нь энэхүү хүндтэй шагналыг гардан авлаа.

 

Холбоотой мэдээ