Таван жилийн өмнө барьж эхэлсэн цэцэрлэг энэ сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-20 16:41:21

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын хүүхдүүд шинэ цэцэрлэгээ хүлээн авахаар зэхэж байна. Тус суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга 2011 онд баригдаж эхэлсэн ч багагүй хугацаанд саатсаны эцэст энэ намар ашиглалтад орохоор болжээ.

Тус сум 75 хүүхдийн цэцэрлэгтэй. Гэхдээ цэцэрлэгийн барилга төмөр замын дэр модоор баригдсан бөгөөд барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болохгүй гэдэг дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газар 2007, 2009 онд гаргасан байдаг.

“Хуучин цэцэрлэгийн барилга ашиглах боломжгүйд хүрсэн тул 9 дүгээр сарын нэгэнд бид 4 гэр барьж хүүхдүүдээ хүлээн авсан. Өнөөдрийн байдлаар гэрт үйл ажиллагаа явуулж байна. Шинэ цэцэрлэгийн барилгыг энэ сарын 29-нд улсын комисс хүлээн авна. Ирэх сарын нэгэн гэхэд бид хүүхдүүдээ шинэ цэцэрлэгт хүлээн авахаар төлөвлөж байна” гэж цэцэрлэгийн эрхлэгч Д. Будням хэллээ.

2011 онд улсын төсвийн хөрөнгөөр шинэ цэцэрлэгтэй болох эхлэл  тавигдаж цэцэрлэгийн барилгыг эхлүүлсэн ч барилгын гүйцэтгэлийн явц дахь хяналтаар тухайн үед үйл ажиллагааг түр зогсоосон байна. Түүнээс хойш анх төсөвлөсөн хөрөнгө оруулалт хүрэлцээгүй болох, дахин хөрөнгө тусгуулах зэргээр багагүй саатсаар энэ онд төсөвт хөрөнгө тусган барилгыг үргэлжлүүлж ийнхүү дуусгаж байгаа ажээ. Нийт улсын төсвийн 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт шингэсэн байна.

Тус цэцэрлэг Эрдэнэдалайн цэцэрлэгийн дараа жагсах, 5 бүлэгтэй, Дундговь аймгийн томоохон цэцэрлэгт тооцогддог. Өнөөдрийн байдлаар 126 хүүхэдтэй, 20 багш ажилчинтай, энэ онд аймгийн тэргүүний цэцэрлэг болсон амжилттайгаар хичээлийн шинэ жилийг эхлүүлжээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ