Улаанбаатар кино наадам “Сэр сэр салхи”-иар нээлтээ хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-16 17:33:39

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Кино урлагт хайртай хэн бүхний хүсэн хүлээдэг “Улаанбаатар” олон улсын кино наадам албан ёсоор нээлтээ хийж, улаан хивсний ёслол боллоо.


15 дахь жилдээ болж буй тус наадам долоон өдрийн турш үргэлжилнэ.


Энэ жилийн хувьд олон улсын 10, онцлох орон болох Швейцарын, баримтат гурав, Монголын дөрөв, “Үзэхийн хязгаар” хэсэгт багтсан нэг болон нээлтийн үзвэр зэрэг нийт 22 уран бүтээлийг үзэгчид “Тэнгис”, “Өргөө”, “Гэгээнтэн” гэсэн гурван кино театрын дэлгэцээр хүлээн авах боломжтой.


Энэхүү наадмыг Венецийн кино наадмын “Ориззонти” төрөлд шалгарсан “Сэр сэр салхи” уран сайхны кино нээж байгаа бол “Баавгай болохсон”, “Шар гэгээ”, “Алдагдсан өдрүүд”, “Бүүвэй” хэмээх дөрвөн бүтээл “Монгол кино хөтөлбөр”-т багтаж, наадмын үзвэрээр үзэгчдийн хүртээл болох аж.


Түүнчлэн найруулагч Б.Жамсрангийн 1963 онд бүтээсэн “Амар хуур” кино англи хадмалтайгаар өргөн дэлгэцээр олны хүртээл болох нь. ХБНГУ, Канад, Вьетнам, Турк, Тунис, Финланд, Их Британи зэрэг орны төлөөлөл болсон кинонууд дунд 2023 оны Каннын кино наадмын дээд шагнал хүртсэн “Уналтын задлан”, Туркийн алдарт найруулагч Нури Билгэ Жейланы шинэхэн бүтээл “Хуурай өвс” зэрэг бүтээл багтаж буй.


Үүнээс гадна “Улаанбаатар” кино наадмын хүрээнд “Хангарьд” монгол киноны уралдаан болж буй бөгөөд энэ жил 11 төрлөөр шилдгүүдээ шалгаруулна. Уг шагналд “Бэхэн зүрх”, “Шар гэгээ”, “Баавгай болохсон” тэргүүтэй 14 кино өрсөлдөж байгаа юм. 

Холбоотой мэдээ