БАЯНХОНГОР: "Аврагч мазаалай" сургалтын танхимыг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-10-13 18:56:50

Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг аймгийн Онцгой байдлын газар “Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө тэгш бус байдалтай тэмцэх нь” уриан дор тэмдэглэлээ.


Энэ хүрээнд Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн дунд, ахлах ангийн сурагч, багш нарт “Аюулгүй амьдрах ухаан”, “Бэлэн бай” сургалтын багцаар танхимын сургалт орж, “Баруун бус худалдааны төв” дээр Нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагааг тус тус зохион байгуулсан байна. Энэхүү өдрийн үйл ажиллагаанд 700 гаруй сурагч, 20 багш, ажилтан, 200 гаруй иргэнийг хамруулж сургалт сурталчилгаа хийжээ.


Аймгийн Гамшгийн эрсдэлийн бууруулах салбар зөвлөл, Онцгой байдлын газраас Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд "Аврагч мазаалай" сургалтын танхимыг тохижуулан үйл ажиллагааг энэ өдөр нээлээ.




Сурагчдыг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зөв дадал хэвшилтэй болгох, аюулгүй эрсдэлгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус танхимыг тохижуулжээ.


Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 34 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриан дор жил бүр нэгддэг.

Холбоотой мэдээ