Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргаар томилохыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-12 17:01:11

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх НИТХ-ын хуралдаан өндөрлөлөө. Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хотын даргын нэрийг дэвшүүлдэг.


Өдөр эхэлсэн хурал дөнгөж сая дууссан бөгөөд НИТХ-ын төлөөлөгчдийн 78.57 хувийн саналаар Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргаар сонгохыг дэмжлээ. Үүнийг Ерөнхий сайд ажлын тав хоногийн дотор батламжлах ёстой.


Тэрбээр хурлын үеэр төлөөлөгчдийн асуултад хариулахдаа “Би 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааг дуустал ажиллах хүсэлтэй байна. Энэ бодлоо өөрчлөхгүй. Өмнөх хотын даргын ажил үүргийг үргэлжлүүлж, хууль бусаар баригдсан барилгуудыг нураах ажлыг хийнэ. Одоо өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, нийслэлийн ирэх оны төсвийг батлах олон асуудалд анхаарна. Иргэдийн өргөдөл, гомдлын дагуу ажлын байранд шалгалт хийж, ажлын байрны зураг авалтуудыг хийж, авлигын эсрэг Засгийн газрын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Хэрвээ намайг хотын даргаар томилохыг дэмжвэл тодорхой хэмжээний халаа сэлгээг хийнэ. Богино цаг хугацаанд хурдтай ажиллаж чадахгүй, цаг нөхцөөж байгаа хүмүүсийн томилгоо, халаа сэлгээг хийнэ. Би өмнө нь ХЗДХЯ-нд том халаа сэлгээ хийгээгүй гэдгийг мэдэж байгаа байх” хэмээн ярьсан юм. 

Холбоотой мэдээ