“Эмэгтэйн кейс” маргааш нээлтээ хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Найруулагч Д.Галбаяр сэтгэл эмзэглүүлсэн, нийгэмд хүчирхийлэл ямар хэмжээнд хүрснийг уран сайхны аргаар өгүүлэхийг хүсчээ. Киноныхоо зохиолыг өөрөө бичиж, найруулсан түүний ээлжит бүтээл болох “Эмэгтэйн кейс” маргааш нээлтээ хийнэ.
Киноны гол дүрийг жүжигчин Т.Хулан, Т.Бархүү, А.Цэгмэд, А.Батнямбуу нар амилуулжээ. Хөндсөн сэдэв нь хүнд төрлийнх учраас 16-гаас дээш насныхан үзэх боломжтой аж.
Сэтгэлзүйч мэргэжилтэй Уянга бүсгүй нэгэн ток шоуны ярилцлагад орох үеэр үзэгчдийн зүгээс санал ирдэг. “Түр хамгаалах байр” буюу хүчирхийлэлийн эсрэг төвд түр хугацаагаар ажиллах явдал байлаа. “Түр хамгаалах байр”-нд ирээд Уянга хүчирхийллийн олон кэйстэй танилцдаг. Түүний анхаарлыг хамгийн ихээр татсан нь 78 настай Хажид хэмээх эмгэн. Хажид эмгэн төрсөн хүүдээ байнга зодуулж дарамтлуулдаг бөгөөд тэр бүрдээ хамгаалах байран дээр ирдэг байлаа. Ингээд Уянга Хажид эмгэнтэй ажиллахаар шийдэн түүнд туслаж эхлэнэ. Гэвч энэ шийдвэр нь Уянгагийг санаанд оромгүй үйл явдал руу түлхэж орхидог...