ДАРХАН-УУЛ: “Дархан хотод дурсгав” үзэсгэлэнг анх удаа дэлгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-11 12:01:15

Дархан, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Одоогоос  62 жилийн өмнө буюу 1961 оны аравдугаар сарын 17-ны өдөр Дархан хотын суурийг тавьсан түүхтэй. Жил бүрийн энэ өдөр Дархан хотын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Баярын өдрийг тохиолдуулан олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна.




Үүний нэг нь аймгийн музейн Их танхимд “Дархан хотод дурсгав” нэртэй үзэсгэлэнг анх удаа дэлгэв. Уг үзэсгэлэнд дэлгэж буй бүтээлүүд нь бүгд аймгийн ИТХ-ын дарга болон засаг дарга дотоодын болон гадаадын албаны төлөөлөгчдийн дурсгасан бүтээлүүдээс бүрдэж байна.




Нийт 20 гаруй бүтээл дэлгэсэн бөгөөд ихэвчлэн уран зураг зонхилжээ. Улс орнуудын элчин сайд, суурин төлөөлөгч, аймгуудын удирдлагууд, хамтын ажиллагаа болон ах дүүгийн харилцаатай улс, хотуудын тэргүүнүүдийн дурсгасан уран баримал, модон сийлбэр, марк, уран зургууд үзэгчдийн хүртээл болж байна.




Эдгээр бүтээлүүдээс онцлог хийгээд хамгийн үнэ цэнтэйд Европын холбооны төлөөлөгчдийн дурсгасан МЭӨ хоёрдугаар зууны үеийн бэлгэ тэмдэг болсон “Ээмэгт тагтаа” дэлгэж буйг аймгийн Музейн захирал Д.Жамбалдорж онцолж байлаа.


Эдгээр бүтээлүүд нь аймгийн ЗДТГ-т хадгалагдаж байсныг Засаг даргын санаачилгаар музейд өгсөн аж. Цаашид Музей, номын сангийн цогцолбор барилга ашиглалтад орох үед “Дархан хотод дурсгав” булан нээхээр төлөвлөж байгаа аж.




Мөн Дархан хотын түүхэн хөгжлийг харуулсан “Дарханы хөгжил-Гэрэл зурагт” үзэсгэлэнг дэлгэсэн байна. Уг үзэсгэлэн нийт 35 гэрэл зургаас бүрдэж байгаа бөгөөд ах, дүү найрамдалт харилцаатай орнуудын дэмжлэгээр сүндэрлэн босож буй барилгажилтаас эхлээд Дархан хотын хөгжлийг илэрхийлжээ.




Энэхүү үзэсгэлэнг жил бүр хотын баярыг тохиолдуулан дэлгэдэг бөгөөд өнгөрсөн түүхийг илтгэх гэрэл зургууд давтамжтай болон утга, агуулга, тухайн цаг үеийн өөр өөр зургууд ээлжилдэг бол жилээс жилд өргөжин тэлж, хөгжиж буй гэрэл зургууд жил бүр шинэчлэгдэж байна.



Холбоотой мэдээ