ТӨВ: Зуунмод сумын 6 багийн иргэдийн “Тайлант өдөрлөг” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-10-11 16:54:09

Зуунмод 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын ЗДТГ-аас зохион байгуулсан “6 багийн иргэдийн тайлант өдөрлөг”-ийн үеэр иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж, орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болов.


Тус өдөрлөгийг 10 дугаар сарын 10-нд Зуун мод сумын “Өв соёлын төв өргөө” цогцолборт зохион байгуулж, нээлтийн үйл ажиллагаанд сумын Засаг дарга, Хотын захирагч Ч.Сарангэрэл оролцон иргэдэд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашдын зорилтыг танилцуулжээ.


Энэ үеэр аймгийн ГХБХБГ, ГБХЗХГ, ХХҮГ, НДХ, Шүүхийн шинжилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хүмүүн цогцолбор сургууль, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг байгууллагууд давхардсан тоогоор 700 гаруй иргэнд төрийн үйлчилгээ үзүүллээ.


Түүнчлэн  Зуунмод сумын зургаан багт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, баялаг бүтээгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, 40 гаруй иргэн, аж ахуйн нэгж 80 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, баг бүрийн шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулжээ. 

 


Тодруулбал, 1 дүгээр багийн иргэн Ж.Гэрэлмаагийн “даршилсан ногоо”, 2 дугаар багийн иргэн  Д.Отгончулуунын “давсан урлал”, 3 дугаар багийн  М.Эрдэнэжавын “гар урлалын бүтээгдэхүүн”, 4 дүгээр багийн Б.Түвшинбаярын “сүү цагаан идээ”, 5 дугаар багийн Б.Номин-Эрдэнийн “эсгий урлал”аар, 6 дугаар багийн Ш.Баянжаргалын “төмс хүнсний ногоо” тус үзэсгэлэнгийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан байна.



Энэхүү үзэсгэлэнд “давсан урлал” болон "Төв аймагт үйлдвэрлэв" дэлгүүрт шинээр худалдаж буй “гар утасны хэрэгслүүд”-ийг иргэд ихээхэн сонирхож онцолж байлаа.


Түүнчлэн өдөрлөгийн үеэр 6 багийн иргэдийн дунд олс таталт, граунд гольф, буухиа тэмцээн  зохион байгуулж, нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцдог болон амжилт гаргасан иргэдийг аймаг, сумын шагналаар шагнаж, урамшуулсан юм. 



 

Холбоотой мэдээ