Рембрандтын зураг 18 сая долларын үнэд хүрэх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-10-10 18:07:43

ЛОНДОН, 2023 оны аравдугаар сарын 10 /CNN/. Ердөө хоёрхон жилийн өмнө 15 мянган ам.доллароор үнэлэгдэж байсан нэгэн зураг Нидерландын агуу зураач Рембрандтын бүтээл болох нь тогтоогдсоны дараа дуудлага худалдаагаар 18 сая ам.долларын үнэд хүрэх төлөвтэй байна.


The Adoration of the Kings” гэдэг нэртэй уг зургийг 1950-иад оноос хойш олон нийтэд дэлгээгүй байна. Энэ бүтээлийг 1955 онд Амстердам хотод Ж.Хелдринг хэмээх нэгэн цуглуулагч худалдан авч байжээ. Улмаар түүний бэлэвсэн эхнэр 1985 онд нэгэн герман гэр бүлд зарсан бөгөөд тэд хоёр жилийн өмнө Амстердам дахь “Christie’s” ордонд дуудлага худалдаанд тавих хүртлээ зургийг хадгалж байжээ.


Тухайн дуудлага худалдааны үеэр “Christie’s” ордныхон уг бүтээлийг алдарт зураачийн шавь юм уу түүний дотны зураач зурсан хэмээн таамаглаж, 10-15 мянган еврогоор үнэлж байв. 24.5x18.5 сантиметр хэмжээтэй зургийг нэрээ нууцалсан нэгэн хүн 860 мянган евро буюу 908 мянган ам.доллароор худалдан авсан байна. Энэ нь тухайн үеийн зургийн үнэлгээнээс 50 дахин их байсан хэдий ч өдгөө Нидерландын зураачийн “агуу бүтээл” болох нь тогтоогдсон тул илүү үнэ хүрэх төлөвтэй байна гэж “Sotheby's” дуудлага худалдааны ордны хэвлэлийн мэдээнд дурджээ.


Нэрээ нууцалсан худалдан авагч уг бүтээлийг “Sotheby's” ордон руу илгээлсний дараа ордны мэргэжилтнүүд зургийн жинхэнэ зураач, үнэ цэнийг нь тогтоохын тулд 18 сар үргэлжилсэн судалгааны төслийг эхлүүлж, Рембрандтын бүтээл болохыг тогтоожээ. Одоо энэ зураг 10-15 сая фунт стерлингийн /12.2-18.3 сая доллар/ хооронд үнэлэгдэж байна. Рембрандт уг зургийг уран бүтээлийнхээ эхэн үед буюу 1628 онд Нидерландын Лейден хотод амьдарч байх үедээ 22 орчим настай байхдаа зурсан гэж “Sotheby's”-ын шинжээчид үзэж байна.

Холбоотой мэдээ