ЗАВХАН: Б.Амарлин: Хүүхэд бүрийн харцыг хамгийн түрүүнд уншихыг хичээдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-05 18:06:34

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Бага ангийн багш бол хамгийн сайхан ажил мэргэжлийн нэг юм. Хүүхэд бүр ариун гэгээн, бас хайр итгэл дүүрэн ертөнц байдаг. Тиймээс л би мэргэжилдээ дуртай гэж хэлэх Улиастай сумын Лаборатори Чандмань эрдэнэ сургуулийн бага ангийн багш, тэргүүлэх зэрэгтэй, боловсролын тэргүүний ажилтан Б.Амарлинтай ажлын онцлог арга барилынх нь тухай цөөн хором ярилцлаа.


-Танд багш нарын баярын мэнд хүргэе. Багш байхын бахархал нь юу юм бэ?

-Баярлалаа. Хүүхэд бүр өөр өөр ертөнцтэй байдаг. Эдгээр өөр ертөнцийг таньж мэдэх, тэдэнд зөв замыг зааж өгөх. Ялангуяа нийгмийн амьдралд дөнгөж хөл тавьж буй бяцхан хүмүүст туслагч, чиглүүлэгч нь байх л сайхан. Тиймээс л бага ангийн багш мэргэжилдээ дурлаж, бахархдаг юм.


Хүүхдүүд минь аав, ээждээ хэлээгүй нууцаа багшдаа л ирж хэлдэг юм шүү дээ. Тийм болохоор бага ангийн багш яг л хүүхэд  шиг  цайлган болчихдог юм. Аливаад хандах хандлага, сэтгэл хөдлөл минь ч хүүхэд шиг болчихдог юм. Энэ нь л хамгийн сайхан. Тиймээс шавь нарынхаа итгэлийг алдахгүй юмсан гэж боддог.


-Та хэчнээн хүүхдэд А үсгийг зааж сургасан бэ?

-Архангайн багшийн сургуулийг дүүргээд 1999 оны намар Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 1-р сургуулиас ажил амьдралын гараагаа эхэлсэн.

Энэ хичээлийн жилд долоо дахь нэгдүгээр ангийн шавь нараа хүлээж авсан. Боловсролын салбарт 24 дэх жилдээ ажиллаж, 260 гаруй хүүхдэд А үсэг зааж сургажээ. Миний ууган шавь нар өдгөө 35 настай. Харин хамгийн отгон шавь нар маань энэ жил сургуулийн босго алхаж орсон зургаан настнууд байна.


Анх оюутны ширээнээс ажлын талбарт гараад хамгийн түрүүнд хүүхдийг таньж ойлгох, тэдэнтэй зөв харьцах. Яг л найз шиг нь ойлгож хамтдаа суралцахыг хичээж байлаа. Одоо ч хүүхэд бүртэйгээ найз байхыг хүсэж, хамтдаа суралцаж байна.


Харин заах аргын нарийн эрдмийг хамт ажиллаж байсан ахмад багш нар минь зааж сургаж, чиглүүлж түшиг тулгуур минь болж байлаа. Энэ үед бидний үеийн залуу багш нар бяцхан шавь нарынхаа ирээдүй хойчийн тухай ярилцаж тэднийг хэрхэн сургах, хөгжүүлэх. Цаашид юу хийхээ төлөвлөн хамтарч ажилладаг байв.

Миний бодлоор багш багшийгаа хайрладаг. Багш багшдаа тусалдаг байгаасай гэж боддог.


-Таны шавь нараас амжилт гаргасан хүүхдүүд олон бий байх?

-Тийм ээ. Багш хүн шавь нараараа гоёж, гайхуулж, бахархаж явдаг шүү дээ. Төгсөгчид маань олимпиад уралдаан тэмцээн, сурлага, урлаг спортын авъяастай байдаг. Тэд маань аймаг улс, ази, дэлхийн аваргын уралдаан тэмцээнд тэргүүн байруудыг эзэлж байсан түүхтэй. Амжилт бүрийг нь энд дурсвал их урт жагсаалт бичих байх. 


Шавь нарынхаа амжилтыг байнга дурсаж, бахархаж явдаг. Амжилт бүр хамтын хүч хөдөлмөр байдаг.


Анх ажлын гараагаа эхэлж байхад долоо, найман настнууд нэгдүгээр ангид ордог байсан.


Тэр үеийн хүүхдүүдийн сурах арга барил арай өөр байв. Харин 2007-2013 онд анхны зургаан настай шавь нараа хүлээж авахад миний зүгээс багагүй ур чадвар шаардаж байсан.


Зургаан настнууд насны хувьд арай балчир ч гэлээ тэдний сурах арга барил илүү хурдтай байсан. Тиймээс тэднийгээ урамшуулах, найз шиг нь хамтдаа сурах, аав ээжтэй нь илүү хамтарч ажиллах арга барилыг ашиглаж байна. Ер нь аав, ээж, багш гурав хамтарч байж хүүхэд илүү сайн суралцаж, төлөвшдөг юм.


-Та шавь нартайгаа хамт суралцдаг гэлээ?

-Тэгэлгүй яахав. Хүүхэд бүр өөр ертөнц гэж дахин хэлмээр байна. Учир нь энэ өөр ертөнц, өөр хүмүүжил, төлөвшилтэй хүүхэд бүрд нь тохируулж тухайн хичээлийнхээ агуулгыг хэрхэн ойлгуулах вэ гэж өдөр бүрийн хичээлийнхээ агуулгыг эхлээд багш хүн өөрөө суралцаж бэлтгэдэг.


Ер нь бага ангийн багш нар долоо хоногт 19-22 цагийн хичээлийг бэлтгэн заадаг. Уг нь боловсролын салбар дахь стандартаар нэг ангид 25 хүүхэд байх ёстой атал өдгөө ихэнх сургуульд энэ тоо давсан байна. Манай анги гэхэд 34 хүүхэд суралцаж байгаа, ажлын ачаалал их ч гэлээ туршлага, хичээл зүтгэлээр бага ангийн багш нар ажиллаж байна.


Ер нь хүүхдийг хамгийн сайн сургах арга бол магтах, урамшуулах. Тэр тусмаа зургаан настай хүүхдийг магтаад л байвал нисээд л байдаг юм.


Жишээлбэл, наймаас дээш мөртэй шүлэг цээжлүүлэхэд тэд маань алдаатай ч гэлээ хичээгээд цээжлээд ирдэг.

Мөн хүүхэд бүрийн чаддаг, дуртай сонирхолтой зүйлийг нь хичээлийн эхний долоо хоногт мэдэж авдаг. Ингээд тухайн сонирхлоор нь дамжуулаад хүүхэд бүрийг хөгжүүлбэл хамгийн сайн үр дүнтэй байдаг.


Миний өмнөх ангийн нэг охин хичээлдээ жаахан тааруу, хичээл хийх дургүй хүүхэд байсан. Гэтэл тэр хүүхэд зураг маш сайн зурдаг. Би нөгөө охиныг зураг сайн зурдаг талаар нь бусад хүүхдийн өмнө дөвийлгөж магтаж, урамшуулсан.

Гэтэл тэр хүүхэд нэг их удаагүй бусад хичээлүүдээ ч хичээнгүйлэн сайн хийдэг болчихсон.


Ер нь гарын уртай, спортын ямар нэг авьяастай хүүхэд ухааны уртай байдаг. Гарын булчин хөгжихгүй бол тархины булчин хөгжихгүй шүү дээ.

Мөн спортын уралдаанд түрүүлсэн хүүхдийг магтаж, урамшуулснаар тэр хүүхэд маань хичээлдээ ч сайжрах жишээтэй. Тийм болохоор би хүүхэд бүрийн давуу тал онцлогийг нь хамт олон дунд нь магтаж, урамшуулж, цаашид ч хичээлдээ амжилт гаргахыг нь зөвлөдөг. Үр дүн нь ч сайн байдаг юм.


-Таны бодлоор сайн багш гэж хэнийг хэлэх вэ?

-Сайн багшийг авьяас, ур чадвараас гадна сэтгэл бүтээдэг гэж боддог юм. Ялангуяа нэгдүгээр ангид сургуулийн босгоор дөнгөж алхсан учраа мэдэхгүй жаахнууд орж ирдэг.

Сургууль дотроо битгий хэл анги дотроо будилна, төөрнө. Уйлна, дэвтэр, балаа, сандал ширээгээ булаацалдана, ядраад унтана. Тэр хэрээр асуудал үүснэ.

Гэхдээ энэ бүгдийг хүүхэд бүрийн ээж шиг нь хүлээж авч, багшийн ур чадвараар зааж чиглүүлж, зөвлөж туслахыг хичээдэг.


Ер нь зургаан настнууд гэлтгүй, бага ангийн хүүхэд бүр сониуч байдаг. Тэд өдөр бүр яагаад, яагаад гэж асуудаг. Тэгэхээр хүүхэд бүрийн асуултаас  ухаарал,  сургамж авч, өөрөө ч бас давхар суралцаж байдаг бага ангийн багшийн мэргэжил хамгийн хариуцлагатай, гэгээн ажил юм.


Энэ хүүхэд өнөөдөр ингэж асуулаа. Дараагийн удаад ийм асуулт асуувал тэгж хариулах юм байна гэж багш болгон олон хувилбартай бодлого бодож байгаа юм шиг л өдөр бүрийн хичээлдээ бэлдэж ирдэг.


Багш нар сурагчдад мэдлэг, чадвар, амьдрах ухаан, төлөвшил олгож өв тэгш иргэн болгон төлөвшүүлэх учиртай. Тиймээс л ангийнхаа хүүхэд бүрийн харцыг хамгийн түрүүнд анхаарч, уншихыг хичээдэг. Өөрөөр хэлбэл ар гэртээ ямар асуудалтай байна, түүнд юу болохгүй байгааг нь, тэр юунд баярлаж хөөрч буйг нь, тэр яагаад гунигтай байгааг нь багш хүн хамгийн түрүүнд олж харах нь чухал, мэдрэх нь чухал юм шүү дээ. 


Тиймээс багш нар нэгдүгээрт мэдлэгтэй байх, бэлтгэлтэй байх, аргатай байх, хамгийн гол нь харилцаа хандлага нь зөв байх хэрэгтэй юм. Нөгөө талаас сайн багш бол сайн сонсогч, сайн ажиглагч байх ёстой санагддаг.


Ийм байхын тулд багш өөрөө мэргэжлийн өндөр мэдлэг чадвартай, тасралтгүй хөгждөг.  Харилцааны ур чадвар эзэмшсэн сурах, сургахын ухаанд суралцсан байх нь чухал юм. Хамгийн гол нь шавь нараа хайрлаж хүндэтгэдэг мэдлэг чадвар амьдрах ухааныг хялбархан энгийн байдлаар сургадаг хүнийг л жинхэнэ сайн багш гэж хэлнэ.


Хүн бүр багшийн ажлын сайн муу, бэрхшээл зовлон, үүрэг ач холбогдлыг өөр өөрийнхөөрөө бодож, ярьж, бичдэг, ойлгодог.

Бид яг одоо, эзэмшиж амжаагүй байхад мэдлэг хоцордог эрин зуунд амьдарч байна.


Өмнө нь аав ээж, ахмад настны зөвлөгөө хүний сайн сайхан зан чанараас суралцаж, хорвоо ертөнцийг таньж мэддэг. Ертөнцийг үзэх үзэл бодол төлөвшдөг байсан бол энэ цаг үед эхлээд өөрийгөө олж хүсэл сонирхол дуртай зүйлээ эрж хайн хүссэн амьдралаа бүтээдэг болсон байна.


Тиймээс хүүхэд бүрийг өөрийгөө олоход нь тусалдаг багш байхыг хүсдэг, хичээдэг юм. Ер нь муу сурагч гэж байдаггүй, харин сонирхдоггүй хүүхэд гэж л бий. Тиймээс бага ангийн багшийн хувьд хүүхэд бүрийг өөрөө хийх хүсэл сонирхлыг нь өдөөж, хөгжүүлж, тусалж, өөртөө итгэх итгэлд сургаж хүсэл эрмэлзэлтэй хувь хүн болж төлөвшихөд нь туслах юмсан гэж ажиллаж байна. Тэгэхээр багш сурагч эцэг эх бид бүгд хамтдаа хичээх нь чухал юм шүү.


Энэ ташрамд аймгийнхаа болон Улиастай сумын ЛЧЭС-ийн нийт багш ажиллагсад, Монголын эрдэмтэн мэргэд болсон багш нартаа дэлхийн багш нарын тэмдэглэлт өдрийн баярын мэндийг хүргэж байна.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ