Аялал жуулчлалын хужир Хавана-2
ТОЙМУлаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. “Presidente” зочид буудлын 8 давхрын цонхоор цагаан гэгээ тусна. Шинэ өдөр айсуй. Буудлаасаа гарч Карибын тэнгист нар мандахыг үзэхээр далан дагаж аяар алхлаа. Ухаа шаргал толгодын дундаас мэлтэсхийн гэрэлтдэг говийн шаргал нарыг харж байснаас хөхрөгч их усны мандлаас зугуухнаар ургадаг мянган мяндаст алтан цацрагийг олж үзсэн минь хэд билээ. Тэнгис далайд шөнөжингөө ноёрхсон бахим хар өнгө захаасаа цайрч, ганц нэг хөлөг онгоц алсад цэг шиг үзэгдэнэ.
Баян Монголын хонь ямаан сүрэг нь хө
Сул асгасан сувд шиг ээ хэмээн монгол түмэн дуулдаг бол тэрхүү хөлөг онгоцонд яваа загасчид тэнгис далайд сүлжилдэх загас жараахайн өнөр өтгөн сүргийг хараад юу гэж бахдан дуулж хуурддаг юм бол гэж бодогдох.
Замбуу тивийн нэгэн бөөрөнд наран авхай зочлон ирэв. Ингээд би кубачуудын эгэл бөгөөд энгийн бор амьдралаар амьдрах зол баярт нэгэн өдөртэй учран золгов. 1959 онд хувьсгал гарснаас хойш өнөөг хүртэл социалист чиг баримжаагаар хөгжиж буй эл орон Карибын тэнгис дэх хамгийн том арлыг эзэгнэнхэн оршдог. Газар нутгийн хэмжээ 110992 хавтгай дөрвөлжин км, нийт 11 сая хүн амтайгаас нийслэлдээ хоёр сая нь оршин суудаг. Хүн зоны хөл татруухан Хаванагаар явахад, нэг хавтгай дөрвөлжин км газарт 101 хүн ноогддог гэх албан тоог харахаар энэхүү үзүүлэлтийг үнэн зөв гаргасан байгаа хэмээн хошигнох мэдрэмж төрнө.
Нийслэл Хавана нь Испанийн хамгийн анхны колоничлолын хот бөгөөд Латин Америкаас зөөсөн хамаг баялгийг тус хотод төвлөрүүлж, цэргийн хатуу хамгаалалт дор Испани руу илгээдэг байсан болохоор хуучин Хавана хотын алдар суу дэлхий дахинаа түгсэн байна. Тус хот өдгөө цагт хэдийнэ улсынхаа улс төр, эдийн засаг, банк санхүү, аж үйлдвэр, боловсрол, соёл урлагийн гол төв болон төлөвшжээ.
Албан ёсны хэл нь испани. Өдгөө дэлхийд 500 сая хүн энэ хэлээр ярьж ойлголцдог. Нийт ярьдаг хүмүүсийн тоогоороо англи, хятад хэлний дараагаар гуравт жагсдаг, НҮБ-ын албан ёсны зургаан хэлний нэг юм. Испани хэл сурсан тохиолдолд дэлхийн 20 гаруй орноор аялж, түүх соёл, урлаг, уран сайхан, утга зохиолын дээжистэй танилцаж, иргэдтэй нь ойлголцож, ажиллаж амьдрах хаалга нээгдэх юм билээ. Түүнчлэн испани хэл нь тун чиг хөгжимлөг хэл. Гитарын аяз, бөмбөрийн хэмнэлээр баяжигдсан тохиолдолд романтик дуу хуур төрөхгүй байхаас өөр аргагүй шиг санагдаж явлаа.
Нийслэл Хавана бол үзэсгэлэнтэй хот. Мэдээж төгс төгөлдөр биш. Бөмбөрцгийн хаана ч, аль ч улсад очсон бай, өөлөх өө мундахгүй. Хавана хот аз жаргалтай хүмүүс, таатай дулаан уур амьсгал, стресс түгжрэлгүй замын хөдөлгөөн, айдас түгшүүргүй амьдралын хэмнэлээрээ бусдыг өөртөө соронз адил татах юм. Бидний очсон тэр өдрүүдэд өдөртөө дунджаар 30 хэмтэй байв. Агаарын дундаж температур наймдугаар сард 27,4 хэм байдаг бол хоёрдугаар сард 22,2 хэм аж. Гэтэл өнгөрсөн өвөл эл хотод агаарын хэм 18 хүрсэн нь оршин суугчдыг нь тавгүйтүүлж сүрхий дагжаасан гэх.
Кубачууд цаг агаарын нөхцөл байдалтайгаа уялдуулж хөнгөн нимгэн хувцаслана. Хэрэглээ талдаа дэлхий нийтээр ижилссэн дүр зураг тэнд ч ажиглагдана. Кубачууд уламжлалт ямар хувцас өмсдөг талаар надад огтоос төсөөлөл байгаагүй. Тус улсаас манай улсад суугаа Элчин сайд Хорхе Феррер Родригес бидэнд үндэсний хувцсаа танилцуулсан анхны хүн юм. Тэрбээр гуяабера гэх үндэсний цамцаа өмссөн байв. Уг хувцас нь энгийн бөгөөд орчин үеийн загвартай. Материалын хувьд анх харахад тааран болов уу гэмээр сийрэг даавуугаар оёсон, цайвар өнгөтэй, өмссөн хүндээ дараас багатай эд байв. Нутагт нь очсон тохиолдолд алчуураа толгойн орой дээрээ зангидаж, тод өнгийн дэрвэгэр хормойтой алаг даашинз өмссөн, навчин тамхи барьсан эсвэл толгой дээрээ сагс тавьсан донжтой эмэгтэйчүүдтэй жуулчны гудамжны хаа нэгтээ тааралдах болно. Тэд жуулчидтай гэрэл зургаа татуулах ба Куба орныг дурсан санагалзах дурсамжийг тэдэнтэй хамт бүтээж болдог.
Томилолтын далимыг таширлаж Америкийн зохиолч, сэтгүүлч Эрнест Хемингуэйн гэр музейгээр зочиллоо. Изабэл Гэрра гэх уг музейн тайлбарлагчаар 10 гаруй жил ажилласан дунд насны эмэгтэй бидэнд тайлбарыг хийв. Их зохиолч Эрнест Хемингуэй нь энэхүү газарт 20 жил амьдарчээ. Зохиолч эл газрыг 1940 оны 12 дугаар сард тухайн үеийн ханшаар 18500 песогоор худалдаж авчээ. Улмаар өвчний улмаас 1960 оны долоодугаар сарын 25-нд АНУ руу буцсан байна. Финка вихиа хэмээх тус газар 4 гаруй га газрыг хамардаг ч зохиолч ажлын өрөөндөө өглөө эртлэн сууж, үд хүртэл ажилладаг байсан аж. Зохиолчийн амьдарч байсан сууц, мөн хүүхдүүддээ зориулж барьсан байшин нь эндхийн хамгийн гол барилга юм. Тэдгээрийг түшиглэж хожим нь музей болгон тохижуулжээ.
Эрнест Хемингуэйг Америк руу явснаас хойш Фидель Кастрогийн санаачилгаар 1962 оны долоодугаар сарын 21-нд музейг байгуулсан юм байна. Фидель Кастро Эрнест Хемингуэй хоёр амьдралдаа нэг л удаа нүүр тулж уулзсан хүмүүс гэнэ. Тэр уулзалтаар зургаа татуулсан нь дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ба одоо ч тэрхүү гэрэл зургийн үнэ цэн буугаагүй, хүмүүсийн үзэж харах дуртай түүхэн гэрэл зургийн нэг хэвээр байсаар байна.
Манай музей нийт 9000 үзмэртэй. Зохиолчийн өөрийнх нь бичиж туурвисан эх бүтээлүүдээс гадна цуглуулсан ном зохиолууд багтдаг. Бүхий л эд зүйлс нь анх ямар байсан, тэр чигээр нь хадгалж байдгаараа онцлогтой. Мөн дэлхийгээр аялж байхдаа цуглуулсан төрөл бүрийн эдлэл, тэр битгий хэл ахуйн хэрэглээндээ хэрэглэж байсан зүйлс ч энд хадгалагдаж байдаг. Учир нь анх музейг байгуулахдаа эхнэрийнх нь зөвшөөрлийг авч, буй янзаар нь тохижуулсан учраас цэвэр хандиваар бүтсэн эх цуглуулгын музей юм гэж тайлбарлагч маань ярилаа.
Куба Улс жилдээ 4 сая орчим жуулчин хүлээн авах чадалтай бөгөөд тэдгээрийн 45 хувийг зөвхөн Варадеро амралтын бүс, резорт дангаараа хүлээн авдаг байна. Варадеро нь цагаан элс, номин хөх далайн ус бүхий наран шарлагын эргээрээ дэлхий даяар гайхагддаг аж. Нийт эргийн урт 30 километр, наран шарлагын эргийн урт 22 километр, нийслэл Хавана хотоос 130 километрийн зайд оршдог. Нийслэл Хавана хотоос автомашинаар хоёр цаг орчим аялаад хүрдэг, хурдны замтай. Тус хойгт одоогийн байдлаар 3-5 одны зэрэглэлтэй 50 гаруй зочид буудал, олон улсын болон хувийн жижиг нисэх онгоцны буудалтай, дарвуулт болон моторт завины хоёр, усан онгоцны зогсоол, гольфын клуб зэрэг газрууд үйл ажиллагаа явуулдаг.
“Аялал жуулчлал бол Кубын эдийн засгийн хамгийн чухал салбаруудын нэг. Эдийн засгийн галт тэрэгний зүтгүүр гэхэд ч болно. Куба улс жилд ойролцоогоор 4 сая жуулчин хүлээж авдаг бөгөөд жуулчдын ихэнх Канад, Испани, Герман, Франц, Итали, Орос зэрэг улсаас ирдэг. Цар тахлын нөлөөгөөр тус улс руу зорчих аялагчдын тоо мэдэгдэм цөөрсөн бөгөөд энэ жил 2.5 сая жуулчин хүлээн авах зорилттой яваа. Манай хоёр орон газар зүйн хувьд алс хол оршдог ч аялал жуулчлалын салбарт харилцан туршлага хуваалцах боломж ихтэй. Тиймээс Кубын аялал жуулчлалын яам, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам хооронд хамтын ажиллагаа, ойлголцлын санамж бичиг байгуулахаар ажиллаж байна” гэж Элчин сайд Хорхе Феррер Родригес ярьсан.
Манай монголчууд ХХ зууны хувьсгалч гэдгээрээ танигдсан Фидель Кастрогоор Куба орныг төсөөлдөг. Харин
...Харийн орон нутагт ч Куба биднийг нэгтгэнэ
Халуун зөөлөн агаарыг чинь мөрөөднө
Куба, чиний зүрхэнд миний тэнгэр бий
Куба, чиний номд миний шүлэг бадартугай хэмээн бичсэн Кубын ард түмний оюун санааны манлайлагч Хосе Мартигийн нэр тус улсад ихээхэн хүндтэй байр суурийг эзэлдэг гэдгийг хэр мэдэх бол. Хосе Марти нь хувьсгалч төдийгүй яруу найрагч. Түүний бичсэн “Зүрхний хайрт хүү минь” хэмээх шүлгийн ном манай оронд 1988 онд орчуулагдаж, уншигч түмний гар дээр хүрсэн бол нийслэлийн 52 дугаар сургууль нэрэмжит нь юм.
Хосе Мартигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд хөл тавьсан тэр үе минь одоо ч санаанд тодхон бууна. Улаан өнгө голлосон тэр буудалд хөл тавихад дал мод, дулаан агаар, хүрэн бор царайтай автобусны жолооч гурав угтсан сан.
Тус тэмдэглэлийн өмнөхийг унших бол https://montsame.mn/mn/read/327908 холбоосоор орж унших боломжтой.