Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-04 15:11:58

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчид Ханжөүгийн дэвжээнд маргааш зодоглоно.

 

Тэмцээн эмэгтэйчүүдийн 50, 53, 57 кг-ын жингийн барилдаанаар эхлэх юм.

 

Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 50 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хасу-Мегастарс” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг өрсөлдөнө.




Түүний жинд 13 бөх байна. Манай тамирчин эхний тойрогт хийлж удаах барилдаанаа Энэтхэг, Тайландын бөхийн ялсантай өрсөлдөнө.

 

Ялвал зооны аваргын төлөө “Осло-2022” ДАШТ-ий алтан медальт, Ази тивийн аварга Японы Йошимото Ремитэй барилдах магадлалтай.

 

Эмэгтэйчүүдийн 53 кг-д “Нурсултан-2019” ДАШТ-ий хүрэл, “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяа өрсөлдөнө.

 


Түүний жинд 14 бөх байна. Манай тамирчин эхлээд Индонезийн Сандра Маримартай оноолт таарсан. Ялвал хэсгийн аваргын төлөө Дэлхийн хошой аварга, алдарт Японы Фүжинами түүнийг хүлээж байна.

 

Эмэгтэйчүүдийн 57 кг-д Залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Даваачимэг өрсөлдөнө.

 


Түүний жинд 13 бөх байна. Манай тамирчин эхний барилдаанд хийлж дараагийн барилдаанд БНАСУ, Вьетнамын тамирчдын ялсантай нь хүч үзнэ..

 

Тэмцээн маргааш 10 цагт эхэлнэ.

 

Чөлөөт бөхийн тэмцээнийг UBS телевиз шууд дамжуулан үзүүлэх юм байна.

 

Холбоотой мэдээ