ДУНДГОВЬ: Сурахсан гэж бодсон бүх зүйл энэ төсөлд багтсан байсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-10-04 10:42:09
altantogos

Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дундговь аймагт залуу эхчүүдийг хөгжүүлэх, оролцоог нь нэмэгдүүлэх, орлоготой болоход нь туслах 21 хоногийн “Happy mom” төсөл хэрэгжиж, 10 дугаар сарын 3-ны өдөр үр дүнгээ хэлэлцлээ.


Аймгийн ХХҮГ-ын “Эмэгтэйчүүдийн хөгжлийн дэмжих” хөтөлбөрийн нэг хэсэг болсон уг төслийг МЭХ-ны Дундговь дахь салбар, “Nitro club”-ын дэмжлэгээр "Гэрэлтдэг ертөнц" ТББ, “Чамин гоёл” урлан, аймгийн Хөдөлмөрийн бирж хамтран зохион байгуулж, сайн дурын зөвлөх, сургагч багш нар хамтран ажиллаж, төсөлд 12 залуу эх хамрагдан, хувь хүний хөгжлийн болон нэхмэл гутал, саван, лаа хийн өргөжүүлэхэд нь дэмжлэг болох бизнесийн анхан шатны сургалтууд орж, оролцогчдыг чадавхжуулжээ.



Төслийн үр дүнг тодорхойлох уулзалтын үеэр төсөлд оролцогч эхчүүд сургалтаар олж авсан чадвараа харуулж, нэхсэн гутал, саван, лаагаар үзэсгэлэн гаргаж, мөрөөдлийн мод бүтээн, хүн бүр өөр дээрээ гарсан өөрчлөлтийг хуваалцсан. Тэд сургалтаар өөрийгөө ойлгож, өөрийнхөө алдааг олж харж, гэртээ үлгэрлэж, ичих мэдрэмжээ даван бусдын өмнө ярьж чаддаг болсон төдийгүй, зорилгоо тодорхойлж, зорилгодоо яаж хүрэх тухай ойлгож авсан гэдгээ танилцуулсан юм. 


Төсөлд оролцохоос өмнө эхчүүд гэртээ хүүхдээ хараад удаан хугацаанд суухаар ууртай, бухимдалтай, бурууг нөхөр, хүүхдээсээ хайдаг, юм болгонд гомддог, найз нөхөдгүй, ганцаардсан нэгэн байсан бол энэ төсөлд оролцсоноор найз нөхөдтэй болж, ганцаардахаа больж, өөрийгөө өөрчилж чадсан гэж онцолсон юм.



Тухайлбал, оролцогч Ө.Пүрэвсүрэн хэлэхдээ, "Энэ төсөлд оролцохоос өмнө би маш их уур, бухимдалтай, өөрийгөө хөгжүүлж, суралцах их сонирхолтой байсан ч яахаа мэддэггүй, аргаа олж чаддаггүй байсан. Гэртээ удаан хугацаанд суухаар найз нөхдөөсөө ч хөндийрч, өөрийгөө их хаячихдаг юм байна. Эрүүл мэнддээ ч анхаардаггүй, гадаад төрхөндөө ч анхаардаггүй тийм л хүн болсон байж.


Төсөлд хамрагдсанаар өөрийгөө хамгийн сайн ойлгох ёстой гэдгээ мэдэж авлаа. Гэр бүлийн харилцаанд их зүйл ойлгож, хэрэгжүүлж эхэлсэн. Харилцаан дээрээ анхаарах ёстой гэдгийг ухаарлаа.  


Хүн зорилготой амьдрах ёстой, бодлоо цэгцлэх ёстой юм байна. Би энэ хугацаанд бодлоо цэгцэлсэн, бүх зүйлийг зөв өнцгөөс нь харж, хайрлаж, талархаж чаддаг болж байна. Гадна төрхөндөө анхаарч, нүүрээ будаж, сайхан хувцаслаж явахыг хичээж байгаа. Сурахсан гэж бодож явсан бүх зүйл энэ төсөлд багтсан байсан. Би англи хэл сурах их сонирхолтой. Миний зөвлөх Э.Мөнхжаргал эгч маань намайг чиглүүлж, одоо би насанд хүрэгчдийн англи хэлний сургалтад явахаар бүртгүүлсэн. Өөрөө сураад хүүхдэдээ заана. Өмнө нь би үглээд л байсан бол одоо үйлдлээрээ харуулах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Үлгэрлээд эхэлсэн. Илүү аз жаргалтай болж байна." гэлээ.  



Уулзалтын үеэр аймгийн ХХҮГ-ын дарга Г.Хишигдаваа хэлсэн үгэндээ, “ХХҮГ орон нутагт 7 хөтөлбөр хэрэгжүүлдгийн нэг нь “Эмэгтэйчүүдийн хөгжлийн дэмжих” хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Happy mom” төслийг хамтран хэрэгжүүлсэн байгууллагууд, сайн дурын зөвлөхүүд, багш нартаа болон оролцогчдодоо баяр хүргэе.    


Манай байгууллага “Халамжаас хөдөлмөрт” гэсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Цаашид төсөлд оролцогч 12 эмэгтэй маань үйлдвэрлэл явуулж, орлоготой болохын тулд төсөл бичиж, манай байгууллагын хэрэгжүүлж буй бусад хөтөлбөр, төслүүдэд хандвал нээлттэй байх болно. Хүн хөдөлмөрлөж байж л амжилтад хүрдэг, санхүүгийн эрх чөлөөнд хүрдэг. “Happy mom” төсөл та бүхэнд энэ эхлэлийг тавьж өглөө. Маш амжилттай хэрэгжлээ. Цаашдаа энэ төслийг өргөжүүлэн дахиад олон эмэгтэйд тусалж, хөгжүүлэхийн тулд та бүхэн хамтраад хөгжлийн томоохон төсөл бичээрэй, дэмжиж ажиллана” гэлээ. 












Холбоотой мэдээ