БУЛГАН: Далха бандида хүн чулууны түүх соёлын дурсгал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Археологийн малтлагаар Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэттолгойн орой дээр эртний туурь тахилын сүмийн чулуун хийц бүхий байгууламж илрүүлжээ.
Монгол Улсын Соёлын яамны дэргэдэх Археологийн мэргэжлийн зөвлөл, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Гандантэгчилэн хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төвийн судлаачид хамтран Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэттолгойн эртний туурь тахилын сүмийн дурсгалын дэвсгэр зургийг үйлдэх, хүн чулуун хөшөөний 3D баримтжуулалт хийх, он цагийн хамаарал, бүтэц зохион байгуулалт, учир холбогдлыг тодруулах туршилтын малтлага судалгааны ажлыг 2023 оны есдүгээр сарын 27 ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр ажиллаж байна.
Судалгааны ажлын хүрээнд археологич, архитектор, геофизикч, шашны түүх судлаач, соёлын өвийн баримтжуулалт, хамгаалалтын мэргэжилтнүүд хамтран ажиллах эрдэм шинжилгээний тайлан бичиж, олдворын 5-8 бүтээгдэхүүн дээжилж лабораторийн шинжилгээ хийлгэн, тус дурсгалыг цаашид хэрхэн судлах, хадгалж хамгаалах, сурталчлан таниулах зөвлөмж чиглэлийг гаргана.
Ингэттолгой хэмээх эртний барилгын үлдэгдэл бүхий хадтай толгойн энгэрт улбар бор өнгийн элсэрхэг чулуугаар урласан хүн чулуун хөшөө байдгийг нутгийнхан “Далха бандида" хэмээн нэрийдэн тахин шүтдэг. Хүн чулуун хөшөө нь 220 см өндөр, 70 см өргөн, 30 см зузаан хэмжээтэй. Ингэттолгойн хүн чулуун хөшөөг Киданы цаг үед бүтээгдсэн эсвэл Бумбын шашинтай холбоотой гэсэн таамаглал байдаг.
Баруун
гараа тохойгоороо нугалан ваар мэт сав барьж байсан бололтой. Зүүн гараа мөн
нугалж хэвлийн орчимд барьжээ. Газарт шүргэсэн урт хормойтой өргөн халхгар
дээлтэй, энгэр заам нь тодорхой мэдэгдэхгүй. Хэвлээс доохно улбар өнгийн зос
будгаар ханан хээ гарган чимэглэжээ.
Дээл
нь маш өргөн нэлмэгэр
ханцуйтай бөгөөд нугалсан гараас доош газарт шүргэсэн хормойтой, хормойноос
дооших хэсгийг газарт зооход зориулж нарийсган хөлийг дүрслээгүй аж.
Энэ
хүн чулуун хөшөө нь Монгол нутгаас илэрч мэдэгдээд байгаа 700 гаруй хөшөөний
дундаас дүрслэлийн хувьд цор ганц олдсон онцгой содон аж.
ШУА-ийн археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Б.Цогтбаатар:
-Монгол нутагт байгаа Хүннү, Түрэг, Уйгарын үе, эзэнт гүрний үеийн буддын шашны холбогдолтой дурсгалуудыг бүртгэх ажил хэд хэдэн аймгийн нутагт үр дүнтэй явагдаж байна. Голомт банкны тавин сая төгрөгийн санхүүжилттэй ШУА-ийн Археологийн хүрээлэн Гандантэгчилэн хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэнгийн хамтарсан “Өв соёлын голомт" төслийн хүрээнд Ингэттолгойн туурийн малтлага хээрийн судалгааны ажил, геофизик, лабораторийн шинжилгээ хийж байна.
Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Содномжамц:
-Археологийн судалгааны баг 15 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэ дурсгал маань Ингэттолгойн орой дээр ойролцоогоор 40х30 метрийн хэмжээтэй тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэрийн байгууламж байгаа. Энэ байгууламжийн голд нь 7х13 метрийн хэмжээтэй бас нэг ийм жижгэвтэр чулуун байгууламж байна. Бид чулуун байгууламжийн гол хэсэг дээр 2х8 метрийн хэмжээтэй зүсэлт хийж үзлээ. Ингэх явцад тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэрийн чулуун өрлөг бүхий барилгын суурь илэрсэн байгаа. Барилга маань өөрөө шавар вааран дээвэртэй, дээврийн ваар болох нөмрөг ваар, тосгуур ваар, нүүр ваар зэрэг олдвор гарч байгаа. Ойролцоогоор 160 см-ийн гүнээс энэ дээврийн ваарууд гарч байна гэсэн үг. Онцлог олдворуудын тухайд яривал бадамлянхуа цэцгэн хээтэй дээврийн нүүр ваарын хагархай хэсгүүд гарсан. Малтлагын ажил дөнгөж эхэлж байгаа ч илүү нарийн он цаг тогтоох боломжтой олдворууд гарснаар энэ барилга байгууламжийн он цагийг нарийвчлан тогтоож соёлын дурсгалыг сэргээх боломжтой.
Соёлын өвийн үндэсний төвийн Авран хамгаалах эрсдэлийн судалгааны газрын дарга Г.Анхсанаа:
-Археологийн хүрээлэнгийн судлаач, ахмад эрдэмтэн Баяр, Лхагвасүрэн нар 1990 онд хүн чулуун хөшөөнд судалгаа хийж тайланд үлдээсэн зурагтай одоо байгаа байдал харьцуулшгүй өөр, маш их бохирдол гэмтлүүд үүссэн байна. Ингээд нүдэн дээр өдөр ирэх тусам доройтоод муудаж байгаа энэ дурсгалын хадгалалт хамгаалалтад анхаарч, түүхийн үнэ цэнийг нь улам нэмэгдүүлэх хэрэгтэй байна. 2023 оны 7 дугаар сард Конжугийн их сургуультай хамтраад 3D скайнераар баримтжуулж авсан юм. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр энэ хөшөөний ур хийц Монголд байгаа нийт хүн чулуун хөшөөд дотроос маш өвөрмөц цор ганц давтагдашгүй юм.
Гандантэгчилэн хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэнгийн судлаач Н.Амгалан:
-Манай хүрээлэн ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтраад бурхан шашны сүм хийд, орд, хот суурингуудын дэргэдэх монголчуудын оюун санааны гол үзүүлэлт болсон шашин соёлын талаар судалгаа хийдэг. Нутгийнхан Далха бандида гэж нэрлэн шүтдэг энэ хөшөөний нэрийн хувьд Далха бандида гэдэг бол “Эрхэндээ хураагч тэнгэр” гэсэн утгатай үг шүү дээ. Өнөөдөр энэ малтлагыг ариун сэдэлтэйгээр хийж байгаа учир сүсэгтэн олон сэтгэл амгалан байж болно. Аливаа зүйлийг ямар сэдлээр хийж байгаа вэ гэдгээс шалтгаалдаг. Олз омог ямарваа нэгэн нэр хүнд олох элдэв ашгийн зорилгогүйгээр Монгол оронд байгаа энэ түүхэн дурсгалт зүйлүүдийн үнэ цэнийг нь бүдгэрүүлэхгүй, улам нарийвчлан судлаад тодотгож өгөх юм. Би Далха бандида хүн чулуун хөшөөний дэргэд нь зогсоод салж чадахгүй байна. Яагаад гэхээр цаанаа л нэг тийм дотоод энергитэй хүчтэй, миний хүсэл айлтгалыг хүлээн авч байгаа нь мэдрэгдэж байна. Судлаач хүнийхээ хувьд бурхны он цагийг нь тодотгоод магадгүй VIII-IX зуун юм уу X-XI зууны үеийн эртний кидан, Монголын бурхны шашны маш эрт үеийн дурсгал гэдгийг нь тодруулах зорилготой. Сүүлийн үед Булган аймгаас Монголын түүхэнд шинээр илэрч олдож байгаа маш олон ховор дурсгалууд гарч байна.