Дохионы хэлний тухай өгүүлсэн анхны кино нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-10-02 13:08:30

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол дахь дохионы хэлний түүх, хөгжлийг харуулсан анхны баримтат кино “Аниргүйд бүтээсэн хэл” нээлтээ хийв.


Киног “Тэгш тусгал” ТББ-аас Финланд улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Дохионы хэлний адислалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд бүтээжээ.


Кинонд анх манай улсад 1962 онд нэгдүгээр сургуулийн дэргэд сонсголгүй хүүхдийн нэг ангийг туршилтаар хичээллүүлж эхлээд 1964 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 481 дугаар тогтоолоор 29 дүгээр сургуулийг байгуулж байсан түүхийг өгүүлжээ. 1978 онд байгуулсан Монголын Хараагүй дүлий иргэдийн нийгэмлэг монгол дохионы хэлний хөгжлийн суурь үндсийг тавьж, 29 дүгээр сургуулийн багш нар анхны цагаан толгой сурах бичиг бүтээж байв. Түүнээс өмнө XVIII зууны үед Монголд сонсголгүй гэр бүл дохионы хэлээр харилцаж байсан түүхийг өгүүлжээ. Кирил цагаан толгой буюу Орос дохионы хэлний цагаан толгой 33 үсэг дээр Ө, Ү үсэг нэмж, хурууны үсэг зохиосон нь Монгол дохионы хэлний 35 хурууны үсэг бий болж, Монгол дохионы хэлний сурах бичиг, ном толь бичиг гарч эхэлжээ.


Хүн төрөлхтөн үүссэн цагаас дохио зангаа бий болсон ч дэлхий дахинаа дохионы хэлийг анх сургалтанд ашигласан цаг үеийг XIV зуунтай холбодог байна. Чимээгүйн сахил хүртсэн санваартнуудын дунд ашиглагддаг байсан дохио зангаа нь сонсголгүй язгууртны хүүд бичиг үсэг заахад ашиглаж байжээ.


Дохионы хэлээр Монгол дохионы хэлний түүхийг гаргана гэдэг цоо шинэ зүйл байсныг уран бүтээлчид өгүүлж байна. Кинонд монгол дохионы хэл нь монголчуудын нүүдлийн ахуй соёлоос улбаатай хөгжиж ирсэн оюун санааны үнэт өвийн нэг гэдгийг тусган гаргаж ирснээр онцлог бүтээл болсныг мэргэжилтнүүд хэлж байлаа. Киног “Амгалан дэлхий” ТББ-ын “Хамтдаа” баг бүтээж, ерөнхий найруулагчаар Д.Батбаяр, eрөнхий рeдактор, продюсерээр сэтгүүлч Д.Даваадулам, редактороор Г.Батзаяа, дууны найруулагчаар Г.Эрдэнэгарав нар ажиллажээ.


Холбоотой мэдээ