ДУНДГОВЬ: “Угийн бичигтэн удмынхан” шалгаруулах уралдаан зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-09-27 10:52:03
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн  Өндөршил сумын Соёлын төвөөс санаачлан ЗДТГ, сумын Ахмадын хороотой хамтран “Угийн бичигтэн удмынхан” шалгаруулах уралдаан зарлажээ.


Монгол түмэн эрт үеэс уг удмаа тэмдэглэн, ургийн бичиг хөтөлж ирсэн уламжлалтай бөгөөд энэ нь өвөг дээдсийнхээ уг гарвал, угсаа язгуур, намтар түүх, үлгэр дуурайлал тэргүүтнийг үр хойчдоо таниулан сургаж, тэднийг үндэс угсаа, эх орноо хайрлах, түүх соёлоо дээдлэх, элгэн саднаа асрах ухаанаар хүмүүжүүлж, эрүүл биетэй, саруул ухаантай өсөж бойжих үндэс болсоор иржээ. Тиймээс тус сумын айл өрх бүрд энэхүү ач холбогдлыг таниулж, угийн бичгээ хөтөлдөг болгох зорилгоор энэхүү уралдааныг зарласан байна. Уралдааны материалыг 10 дугаар сарын 15 хүртэл хүлээн авах ажээ.


Уралдаанд ирүүлэх материалд тухайн өрхийн түүхчилсэн бичиглэлийн дагуу зайлшгүй бичих ёстой 14 мэдээллийг агуулан хүн тус бүрээр бичсэн байх, удмын нэгдсэн зураглал хийсэн байх, эцэг, эхийн удмыг хөтөлсөн байх, эхнэр нөхрийн аль аль талыг хөтлөх, ураг удмынхандаа түгээн дэлгэрүүлсэн байх, ургийн уулзалт хийсэн, ургийн ном гаргасан байх зэрэг болзол тавьж байгаа ба дээрх болзлоос хэдийг нь биелүүлж байгаагаас хамааран 4 түвшинд шалгаруулалт явуулах ажээ.


Шалгарсан “Угийн бичигтэн удмынхан”-ыг “Батламж”, мөнгөн шагналаар шагнаж урамшуулахаас гадна хамт олноо өргөнөөр оролцуулсан нэг байгууллагыг мөн шалгаруулж, ирүүлсэн материалыг сумын Орон нутаг судлах музейд хадгалах ажээ. 

Холбоотой мэдээ