БАЯНХОНГОР: Нийт мал сүргийн 65 хувь нь дундаас дээш тарга хүч авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-09-26 13:52:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ онд аймгийн хэмжээнд 4.2 сая толгой мал өвөлжиж, хаваржина.


Аймгийн хэмжээнд 2023 он гарсаар хур тунадас бага орж, нийт газар нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байсан нь говийн өмнөд сумдад ургамал гандаж, хэт хатсан, зуншлага муу гантай байх үндэс болжээ. Мөн бусад суманд ургамал гандаж, бэлчээрийн ургамал зогсонги байдалтай хатсан буюу нийт нутаг дэвсгэрийн 40 хувь нь зуншлагатай, 60 хувь нь гандуу гэсэн дүгнэлт гарч, нийт мал сүргийн 65 хувь нь дундаас дээш тарга хүч авсан боловч зудын эрсдэл их байна. 


Сумдын аюулгүй нөөцөд бэлтгэх өвс, тэжээлийн хэрэгцээг аймаг, сум, малчин өрхийн хэмжээнд тус тус тооцож үзэхэд сумдад өвс 7.2 мянган тн, ногоон тэжээл 132.0 тн, үйлдвэрийн тэжээл 4.2 мянган тн, гар тэжээл 2.3 мянган тн, давс, хужир, шүү 3.4 мянган тн-ыг бэлтгэх шаардлагатайгаас өвс 1.2 мянган тн, ногоон тэжээл 28.7 тн, үйлдвэрийн тэжээл 105 тн, гар тэжээл 16 тн, давс, хужир, шүү 310 буюу 7 хувийг  тус тус бэлтгээд байгаа аж.


Зудын эрсдэл өндөр Баянлиг, Баянбулаг, Гурванбулаг зэрэг суманд мал мах бэлтгүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн аймгийн Онцгой комисс өвс, тэжээл худалдан авч, зах зээлийн эргэлтэд оруулан өвс, тэжээлийн үнийг тогтвортой байлгаж, үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг хохирол багатай даван туулах зохион байгуулалтын олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Сонирхуулахад, Тус аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар бусад 17 аймгийн нутагт 112 өрхийн 33.3 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумдын нутагт 54 өрхийн 20.2 мянган толгой мал оторлож байна. Түүнээс гадна хил залгаа Говь-Алтай, Завхан, Өмнөговь аймгийн малчид тус аймгийн нутагт малаа оторлож байгаа нь бэлчээрийн даацыг хэд дахин хэтрүүлж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг хүндрүүлэх нэг шалтгаан болж байгааг албаныхан мэдээлэв.

Холбоотой мэдээ