ЗАВХАН: Улиастай, Яруу сумын зорчих хөдөлгөөнийг нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай /МОНЦАМЭ/.
Тарваган тахлаар өвчилсөн иргэний ойрын хавьтагч нарыг бүрэн хяналтад
авсан учир Улиастай, Яруу сумын зорчих хөдөлгөөнийг нээжээ.
Тарваган тахал өвчнөөр өвчилсөн иргэн булчирхай хэлбэрээр
өвчилсөн нь батлагдлаа. Мөн өвчтөний нэгдүгээр болон дам хавьтагч нарыг бүрэн
хяналтад авсан. Иргэний биеийн байдал тогтворжсон, ойрын хавьтлын хүмүүсээс
эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
Иймд аймгийн Онцгой комисс хуралдаж, өнөөдрөөс хэсэгчлэн хөл
хориог нээх шийдвэр гаргалаа.
Тодруулбал, Улиастай
сумаас гарах болон Яруу сумаас гарах, орох хөдөлгөөнийг нээж байна. Цаашид ойрын хавьтлын 40 иргэнийг
сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын
хяналтад тодорхой хугацаанд тусгаарлалтад байлгахаар шийдвэрлэсэн гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Тарваган тахлын голомт өндөр идэвхжилтэй байгаа энэ үед тарвага агнахгүй байх, тарваганы мах идэхгүй байхыг аймгийн Онцгой комисс анхааруулж байна.
Ташрамд, улсын хэмжээнд 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт бий. Тэр дундаа баруун аймгуудад, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увсад тарваган тахлын идэвхжил нэлээд өндөр байдаг байна.
Завхан аймгийн хувьд нийт нутаг дэвсгэрийн 74.2 хувь буюу 17 сум тарваган тахлын голомттой. Үүнээс Эрдэнэхайрхан, Яруу, Түдэвтэй, Нөмрөг, Сонгино, Отгон зэрэг суманд тарваган тахлын голомтын идэвхжил өндөр байдаг аж.