ДОРНОГОВЬ: "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэнд оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-22 09:48:41

Сайншанд /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд 9 дүгээр сарын 20-26-ныг хүртэл үргэлжилж байгаа “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд Дорноговь аймгийн гурван аж ахуй нэгж оролцож байна.


Тухайлбал, “Далт мөнгөн шанд ХХК загсгал цайгаар, “Хашаатын говийн заг ХХК ингэний хоормог, “Мөрөөдлийн говь ХХК тарвасаар оролцож буй. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтыг ажиллагааг сайжруулах, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилготой үзэсгэлэн худалдаа 18 дахь жилдээ болж байна.


Хүний биеийн эрүүл мэндэд онцгой үйлчилгээтэй гэгдэх загсгал цай нь даралт бууруулах, тамир тэнхээ сайжруулах, биеийн хорыг гадагшлуулах зэрэг үйлчилгээтэй аж.


Мөн ингэний хоормог нь шим тэжээл, эмчилгээ сувиллын чанараараа хосгүй бөгөөд альбулин, глобулин гэдэг бөмбөлөг уургуудаас зонхилон бүтдэг учир исэж бүрэлдэхдээ нягт ээдэм үүсгэдэггүй, тунаж шар сүү ялгаруулдаггүй нэгэн жигд маш өвөрмөц шинжтэй бүрэлдэлт үүсгэдэг сүү  аж. Говь нутгийн хөрсөнд тариалсан тарвас ч мөн адил эх орны хөрсөнд ургуулсан эко бүтээгдэхүүн юм. 

Холбоотой мэдээ