Б.Батцэцэг: Монгол Улсыг феминист гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлж буй Азийн анхны орон хэмээн үнэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРНью-Йорк /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Энэ удаагийн НҮБ-ын Ерөнхий Ассамблей өмнөхөөсөө юугаараа онцлог хүрээнд өрнөж байна вэ?
-Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ. Энэ удаагийн хурлын гол онцлог бол цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл болон геополитикийн амаргүй нөхцөл байдалд илүү анхаарч, энэ тал дээр онцгойлон хэлэлцүүлэг өрнүүлж байна. Ялангуяа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерришийн илтгэлд хөндөгдсөн гол санаа бол “Бид өнөөгийн амаргүй, зөрчил маргаантай цаг үеийг хурдан дуусгах хэрэгтэй. Ийм цаг үед эв нэгдлийг илүү чухалчилж, тулгараад байгаа сорилтыг богино хугацаанд хэрхэн даван туулах вэ гэдэг дээр шинэлэг арга барилаар цаг үедээ тохирсон шийдэл гаргах зайлшгүй хэрэгтэй. Мөн энэхүү амаргүй нөхцөл байдалд хэн нэгнийг буруутгаж болохгүй. Нөгөөтэйгүүр хэн нэг нь түрүүлж буулт хийхийг хүлээхгүйгээр эв нэгдэлтэйгээр асуудлаа шийдээд явъя- хэмээн дэлхий нийтэд уриаллаа. Дэлхийн II дайны дараах бас л ийм зөрчил маргаантай хүнд хэцүү үед НҮБ анх байгуулагдаж байсан. Тэр цаг үе шиг НҮБ-ын үйл ажиллагаанд шинэчлэл хийх цаг нь болж, цаг үедээ нийцүүлж бодитойгоор асуудалд хандъя гэсэн гол мэссэжийг дэлхий дахинд өглөө.
-Та Гадаад харилцааны сайдын хувиар хэд хэдэн орны Гадаад хэргийн сайд нартай уулзалт хийж байна. Эдгээр уулзалтуудын үр дүнгээс хуваалцахгүй юу?
-НҮБ-ын чуулганд бүх улс орны Гадаад хэргийн сайд нар хүрэлцэн ирдэг. Тиймээс НҮБ-ын чуулганы үеэр нэг дор олон уулзалт зохион байгуулах, богино хугацаанд ч болов мэдээлэл солилцох, харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ярилцах боломж нээгддэг. Миний хувьд одоогоор хоёр талын 8 уулзалтыг хийгээд байна. Тэдний олонх нь өмнө нь нүүр тулж уулзаж байгаагүй сайд нар юм. Тиймээс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, улс орноо сурталчлах, ямар чиглэлээр хамтарч ажиллах боломж байна гэдэгт багагүй анхаарч байна. Мөн он дуусталх хугацаанд болох өндөр дээд хэмжээний айлчлалын бэлтгэл ажлын хүрээний ажлууд давхар явагдаж байна.
НҮБ-ын 193 орны 40 гаруй нь эмэгтэй Гадаад хэргийн сайдтай. Тэднийг оролцуулсан Феминист гадаад бодлогын групп гэж байдаг. Маш идэвхтэй ажилладаг. Тиймээс энэ чиглэлийн томоохон арга хэмжээ манай улсад зохиогдох болно. Энэ үеэр саяхан болсон эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын анхдугаар форумын үр дүнгээ танилцуулна. Мөн эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалт дээр хамтын ажиллагааныхаа талаар ярина. Өнгөрсөн зургадугаар сард манай улсад болсон хурал бол анх удаа зохион байгуулсан учраас бусад орны анхаарлыг нь татсан, манай орны талаар тодорхой мэдээлэлтэй болоход хувь нэмэр оруулсан чухал арга хэмжээ болсон юм болов уу гэж дүгнэж буй. Манай улсыг феминист гадаад бодлогыг хэрэгжүүлж байгаа Азийн анхны орон гэж олон улсад өндрөөр үнэлж байна. Туршлага судлах Гадаад харилцааны сайд нар олон байгаагаа илэрхийлсэн. Үлдсэн өдрүүдэд тэдгээр сайд нартай уулзалтуудаа үргэлжлүүлнэ.
-Ассамблейн хүрээнд голлон яригдаж буй сэдвүүдийг тоймлон дүгнэвэл та юу хэлэх вэ?
-Дэлхийн бүх оронд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж байгаа сөрөг нөлөөллийг хэрхэн цаг алдалгүй хурдан хугацаанд цаг алдалгүй шийдэх вэ хэмээн гарц хайж байна. Ингэхийн тулд НҮБ ялангуяа хөгжиж байгаа орнуудтай хамтарч ажиллах, боломж бололцоог бий болгох нь зүйтэй гэсэн мэссэжийг өглөө. Мөн НҮБ-ын чуулганы үеэр өмнө дурдагдаж байгаагүй шинэ санаа гарч ирсэн нь хиймэл оюун ухааныг судалж хөгжүүлж байгаа байгууллагууд нэгдэх ёстой. Мэдээлэл солилцох, энэ чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд НҮБ бүх талаар нээлттэй гэдгээ илэрхийллээ. Мөн улс орнууд хэрхэн цар тахлыг даван туулсан, эдийн засаг нь ямар байдалтай байна вэ, цаашид санхүү, эдийн засгийн хүндхэн нөхцөлүүдийг хэрхэн даван туулах вэ, дайн мөргөлдөөнийг яавал хурдан дуусгах вэ гэх зэрэг асуудлууд дээр өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын дээд хэмжээний чуулганд гурав дахь удаа оролцож байна. Жил бүр бид нэлээд цаг үеийн мэдрэмжтэй, шинэлэг, манай улсын Засгийн газраас хүлээж буй үүрэг амлалтууд хэрхэн хэрэгжиж байгаа талаар тодорхой саналыг ярьдаг. Геополитикийн хувьд НҮБ-ын 78 дугаар чуулганы гол ярилцаж байгаа сэдэв болох Тогтвортой хөгжлийн зорилгууд дээр тайлбараа тавьсан. Тогтвортой хөгжлийн зорилтууд биеллээ олоход хүндрэлтэй байгаа, зарим талаар ухарсан үзүүлэлтийн хамгийн гол шалтгаан нөхцөлийг дэлхийн нийтээр мэдээж цар тахал болон геополитикийн амаргүй цаг үеийн зөрчилдөөнтэй холбон дүгнэж байна.
Онцлох 12 зорилгын хувьд бүхий л улс оронд биелэлт хангалтгүй, үлдсэн хугацаанд зорилтдоо хүрч чадах уу гэдэг нь энэ зорилгын хамгийн том сорилт бэрхшээл болоод байна. Тиймээс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд санхүүжилтийн механизмыг хэрхэн оновчтой зөв болгох вэ, улс орнууд хэрхэн хамтарч ажиллавал зохистой вэ, хөгжиж буй орнуудад хэрхэн илүү сайн дэмжлэгийг үзүүлэх вэ гэхчлэн ярилцлаа. Ингээд ирэх долоон жилийн хугацаанд эрч хүчтэй, хурдтай, цаг үедээ нийцсэн бодит арга хэмжээг авч, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхийг уриалсан уур амьсгалтай хурал боллоо.