СЭЛЭНГЭ: Уулын дугуйн бартаат замын уралдаанаас алтан медальтай иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-21 14:56:23

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын Дугуйн холбооноос уулын дугуйн бартаат замын 25 км-ийн уралдааныг зохион байгуулсан байна.

 

Улаанбаатар хотын Хүй 7 худагт энэ сарын 16-ны өдөр болсон энэхүү уралдаанд нийт 150 гаруй дугуйчин оролцжээ.

 

“Даагаа нэхье” уриан дор зохион байгуулсан энэхүү дугуйн бартаат замын уралдаанд Сэлэнгэ аймгийн “Дугуйтай Сэлэнгэ клубийн 20 дугуйчин амжилттай оролцож, 4 алт, 3 мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.

 

Тодруулбал 12-14 насны эрэгтэй ангилалд Б.Бат-Ирмүүн, эмэгтэйчүүдээс Г.Ариун-Хүслэн нар алтан медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн 40-49 насны ангилалд С.Баярмаа, 50-59 насны ангилалд Л.Алтансувд нар тус тус алтан медаль хүртжээ.

 

Мөн 12-14 насны эмэгтэй ангилалд Б.Аззаяа, О.Цэнгүүн, 15-16 насанд Б.Номинжин нар тэмцээний мөнгөн медалийн эзэд болсон байна.

 

Дугуйн уралдааны замд бороотой, халтиргаа гулгаатай, шавар шороотой байсан төдийгүй, огцом өгсүүр, уруу гэх мэт тамирчдын авхаалж, самбааг шалгасан экстрем зам байсан нь энэ уралдааны онцлог болжээ. 

Холбоотой мэдээ