Алеппо хотод агаараас цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-09-19 11:32:25

ДАМАСК. /NHK/. Энэ сарын 12-нд гал зогсоосноос хойш анх удаа Сирийн хойд нутгийн Алеппо хотод агаараас цохилт өгсөн байна.

Сирийн Засгийн газрын нисэх хүчин энэ агаарын цохилтыг өгсөн байж магадгүй гэж Сири дэх Хүний эрхийн байдлыг ажиглагч байгууллага мэдэгджээ.

НҮБ болон бусад байгууллагын хүмүүнлэгийн тусламжийн цувааг Алеппо хот руу оруулахыг Сирийн Засгийн газраас хориглосон бөгөөд энэ шийдвэр нь тус хотод хүмүүнлэгийн хямралыг улам даамжруулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Алеппо хотод тусламжийн бараа хүргэж буй нэгэн ажилтан “NHK” агентлагт ярилцлага өгөхдөө “эм тарианы хангамж муу байгаагийн улмаас олон хүн амиа алдаж байна” гэжээ.

Бямба гарагт Дейр аль-Зор хотод холбоотны хүчний агаарын цохилтод өртөн Засгийн газрын олон арван цэрэг амиа алдсан юм. Үүнтэй холбогдуулан Сирийн Засгийн газар болон ОХУ мэдэгдэл хийж "АНУ тэргүүтэй эвсэл энэ агаарын цохилтыг өгсөн" гэжээ.

Харин АНУ-ын цэргийнхэн Дейр аль-Зор хотод чухам юу болсныг тогтоохоор ажиллаж байгаа бол ОХУ уг асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдаан зарлахыг уриалжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ