БАЯНХОНГОР: Хүнд машин механизмын оператороор мэргэшсэн залуус сертификатаа гардан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгор аймгийн залуусыг "Энержи ресурс" ХХК-ийн Ухаа худаг уурхайд зургаан ээлжээр цалинтай сурган, мэргэшүүлж, ажлын байраар хангах төслийг энэ онд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбатаар ахлуулсан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг Ухаа худагт ажиллах үеэр тус аймгаас Хүнд машин механизмын оператороор мэргэшихээр ирсэн гуравдугаар ээлжийн 19 залуу, нэг эмэгтэй сургалтаа амжилттай дүүргэж, олон улсад жолоодох эрх бүхий сертификатаа гардан авсан байна. Төгсөгчдөд Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг даргын орлогч Б.Батсуурь нарын хурлын төлөөлөгчид, Баянхөндий төслийн удирдлагууд баяр хүргэн амжилт хүсэв.
Дээрх төгсөгчид Ухаа худагт шууд ажлын байраар хангагдах бөгөөд ирэх жилээс сум, орон нутагтаа шилжин ажиллах аж.
Тус компани 2009 оноос хойш өдгөөг хүртэл 5000 гаруй Монгол залуусыг уурхайн оператор болон холбогдох чиглэлүүдэд сурган мэргэшүүлж буйн зэрэгцээ ихэнх хувийг тодорхой ажлын байраар ханган ажилладаг байна.