ДОРНОД: Буйр нуурын уснаас хүлцэх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлт ажиглагдаагүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан /МОНЦАМЭ/. Биологийн хүрээлэнгийн эрдэмтэд Буйр нуурын уснаас дээж авч шинжлээд хүлцэх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлт ажиглагдаагүй гэв.
Тодруулбал, Дорнод аймгийн гадаргын усны чанарын энэ оны
нэгдүгээр сарын төлөв байдлын үзүүлэлтийг MNS
4586:1998 усан
орчны чанарын үзүүлэлт, ерөнхий шаардлагатай харьцуулсан байна.
Нуурын усны үндсэн ионууд болон микроэлементүүд нь
газарзүйн байрлал, уулын чулуулаг, уур амьсгалын нөхцөлөөс хамааран усанд илрэх
хэмжээ агууламж нь хэлбэлзэлтэй ч тодорхой бүс нутгийн хувьд тогтмол шинжтэй
байдаг аж.
Нуурын усны MNS
0900:2018 стандартад тусгагдсан 18 үзүүлэлтийг сонгон авч, ДЭМБ-аас гаргасан улс орнуудын мөрдөж буй ундны усны стандарттай
харьцуулан үзэхэд Монгол Улсад мөрдөгдөж байгаа ундны усны стандарт MNS
0900:2018 болон ДЭМБ-аас гаргасан улс орнуудын ундны усны стандарт шаардлагыг
хангаж байна
гэж судалгааны тайланд дурджээ.
Харин усны микроэлементийн шинжилгээгээр Ba, Sr, Mo, Ni, Co, As, Rb, U агууламж илүү нэмэгдсэн байна.
Үүнийг тодорхойлохдоо 2023 онд загасны үйлдвэр орчмоос авсан усны дээжний
шинжилгээний дүнг, 2020 оны зургаадугаар сард мөн энэ цэгээс авч шинжлүүлсэн
дүнтэй харьцуулж үзжээ.
Сонирхуулахад, Буйр нуурын микроэлементүүдийн агууламж нь 2017 онд Дорнод аймгийн Хөх нуурын усанд агуулагдах хэмжээнээс бага гарсан байна.
Зургаадугаар сард Буйр нуурт загас ихээр үхсэн учир ажлын баг газар дээр нь ажиллаж, нуурын ус, хөрс, загаснаас шинжилгээ авч, дээжийг Биологийн хүрээлэнд илгээснээр дээрх урьдчилсан дүгнэлтийг хийжээ.