ДАРХАН-УУЛ: Номтой холбоотой 98100 төрлийн үйлчилгээ үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-09-15 14:49:52

Дархан /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор өрнүүлдэг 34 дэх удаагийн үндэсний номын баяр Залуучууд театрт өнөөдөр эхэллээ.


Гурван өдөр үргэлжлэх номын баярыг "Дархан-50" цогцолборт зохион байгуулахаар төлөвлөсөн ч үргэлжлэн орж буй борооноос шалтгаалан дотор орчинд хийж байна.




“Илүү их уншъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг номын баяраар номын сангаар үйлчлүүлсэн иргэдийн судалгааг гаргаж танилцууллаа. Тухайлбал төв номын сан, хүүхдийн номын ордноор 38700 иргэн үйлчлүүлж ном болон түүнтэй холбоотой 98100 үйлчилгээг энэ оны гуравдугаар улирлын байдлаар авчээ. Түүнчлэн номын сангаар үйлчлүүлдэг, байнгын уншигчдын тоо нэмэгдсэн аж.




34 дэх удаагийн номын баярт ЕБС, их, дээд, мэргэжлийн сургуулийн номын сан, Америкийн соёл мэдээллийн төв, Ид шидийн орон төслийн баг болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ном хэвлэн нийтлэгч компанийн төлөөлөл нэмэгдэн оролцож байна.




Түүнчлэн номын сангаар үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбоотой дээрх хоёр номын санд аймгийн засаг даргын шийдвэрээр тус бүр арван сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, номын баяжилт хийхээр болсныг нээлтийн үеэр мэдэгдлээ.




Энэ удаагийн номын баярын хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагааг СГЗ, сэтгүүлч Ө.Рагчаасүрэнгийн “Чихтэй номын садан” шинэ номын хуримаар эхэлсэн бол ирэх долоо хоногийн баасан гарагт Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэнгээр ахлуулсан таван соёлын гавьяат зүтгэлтэн хүрэлцэн ирж “Тэнгэрийн заадас” номын хуримаа хийж, иргэдтэй уулзалт зохион байгуулах ажээ.

 

Холбоотой мэдээ