ӨВӨРХАНГАЙ: “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-09-14 11:47:45

Арвайхээр /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын ажлын баг Өвөрхангай аймагт энэ сарын 13, 14-ний өдрүүдэд ажиллаж байна.


Энэ хүрээнд салбар байгууллагуудын удирдлага болон төрийн албан хаагчидтай уулзалт хийж, яамны бодлого үйл ажиллагааг сурталчлах, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, сургалтын зохион байгуулах чиглэлээр ажиллаж байгаа юм.



Хөдөө сумдад иргэн бүр ухаалаг утас, өндөр хурдны интернэт ашиглах боломжгүй учраас иргэд цахим үйлчилгээ авахаас илүүтэй өөрийн биеэр очиж үйлчилгээ авах эсвэл киоск машиныг ашиглахыг илүүд үзэж байна. Тиймээс эхний ээлжид иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, “ХУРДАН” цэгийг сум бүрд нээх, киоск машины тоог нэмэгдүүлэх шаардлага байгааг аймгийн удирдлагууд хэллээ.


Өвөрхангай аймаг нь “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд “Цахим-Өвөрхангай” хөтөлбөрийг боловсруулж, Ухаалаг засаглал, Ухаалаг төрийн үйлчилгээ, Ухаалаг иргэн, Ухаалаг орчин зэрэг дөрвөн зорилтын хүрээнд арга хэмжээг 2023-2025 онд хэрэгжүүлэхээр тусгасан.



Аймгийн хэмжээнд нийт 79897 иргэнийг тоон гарын үсэгтэй болгох зорилттой байгаагаас 34014 буюу 53.1 хувь нь тоон гарын үсэгтэй болсон байна. Мөн аймгийн бүх сум, нутаг дэвсгэрийн 85 хувь нь өндөр хурдны 3G, 4G сүлжээнд холбогдоод байгаа юм.


Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн байгууллагуудын интернэтийн хурд, дотоод сүлжээг сайжруулах, Гэрэгэ системс ХХК-тай хамтран орон нутагт киоск машиныг нэмэгдүүлэх, “Хурдан” цэгийн тоог улсын хэмжээнд 504 болгож нэмэгдүүлэх, иргэдэд цахим боловсрол олгох сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.



Холбоотой мэдээ