ХЭНТИЙ: Орон нутагт шинэ бизнесээ эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-09-13 10:00:42

Чингис /МОНЦАМЭ/. Хотоос хөдөөг зорин ирэх залуусын төлөөлөл Т.Отгонбаяр Хэнтий аймагт шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж өөртөө үйлчлэх угаалгын төв нээжээ. Богино хугацаанд үнэнч хэрэглэгчидтэй болж завгүй гэр бүлүүдийн цаг завыг хэмнэж, цэвэр цэмцгэрийг түгээж байна. 


Т.Отгонбаяр Улаанбаатар хотын унаган иргэн байсан бол одоо Хэнтий аймгийн иргэн болжээ. Хотоос хөдөөг зорьсон шалтгаан нь хотын утаа, түгжрэл, дуу чимээ стрессээс холдон орон нутагт тайван чөлөөтэй ажиллаж амьдрах сонголтыг хийсэн нь энэ аж.


Тэрбээр бусдын нэгэн адил БНСУ-д ажиллаж амьдарч үзсэн бөгөөд тэнд ажиллаж байх хугацаандаа угаалгын газарт цагийн ажил хийж байсан нь ийнхүү туршлага болж, шинэ бизнесээ эхлүүлэх санааг олжээ. 


Анх Хэнтий аймагт ирж аймгийн удирдлагуудтай уулзаж бизнесийн санаагаа хэлэхэд таатай хүлээн авч, ашиглахаа больсон нийтийн ариун цэврийн байгууламжийг ашиглах санал тавьжээ. Улмаар өөрийн хөрөнгөөр энэхүү буйдхан газраа тохижуулж, төвийн шугамд холбогдсон газар байсан учир үйл ажиллагаагаа эхлүүлэхэд хялбар байсан гэнэ. Орон нутагт шилжин ирж байгаа залуу гэр бүлийг бодит дэмжсэнд тэрбээр талархаж байгаагаа хэлж байлаа.

 

“Gut Laundru” өөртөө үйлчлэх угаалгын төвийг үүсгэн байгуулагч Т.Отгонбаяр хэлэхдээ, “Хотын зэрэглэлтэй бүс нутагт энэ төрлийн үйлчилгээ хамгийн чухал. Гэртээ угаах боломжгүй том оврын хувцас, хөнжил зэргийг хамгийн ихээр иргэд угаалгаж байна. Мөн зүүн аймгийг дайран өнгөрч байгаа явуулын иргэд ч үйлчлүүлж байна. Хамгийн гол нь манайх үнийн хувьд хямд, үйлчилгээний хувьд сэтгэлээ шингээхийг зорьж ажиллаж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ