АРХАНГАЙ: 7 га талбайд ойжуулалтын ажил хийсэн нь 90 хувийн ургалттай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-11 10:57:42

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгөөр ойн цоорхой, мод бэлтгэсэн, түймэрт нэрвэгдсэн талбайд байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажлыг зохион байгуулжээ.


Нийт 125 га талбайд хийхээр тендерийн ажил зарлагдсан ч Тариат суманд 7 га талбайд ойжуулалтын ажлыг “Тэгш дүүрэн ММОМ” ХХК гүйцэтгэжээ. Ургалт 90 хувьтай байна.


2017 онд зохион байгуулсан ой зохион байгуулалтын судалгааны ажлын дүнгээр аймгийн хэмжээнд 94076 га талбайд 4065310 шоометр босоо хатсан болон унанги модны нөөцтэй.


2023 онд “Ойгоос хэрэглээний болон галын түлээний мод бэлтгэх дээд хэмжээг тогтоох тухай” аймаг, сумдын ИТХ-ын тогтоолуудыг үндэслэн ойн хөнөөлт шавж, түймэр, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр цаашид  ургах чадваргүй болж үхэжсэн, унасан, хатсан модыг цэвэрлүүлэх, ойн санг эрүүлжүүлж, төлөв байдлыг сайжруулах зорилгоор 15 сумын ойн сангийн 168,5 га талбайд унанги болон хатсан модны нөөц тогтоох талбай тусгаарлалтын ажлыг Сум дундын ойн ангиудаар гүйцэтгүүлсэн байна.


Энэ оны хагас жилийн байдлаар 40996.33 мянга гаруй м3 хэрэглээний болон галын түлээний модыг иргэд аж ахуйн нэгж, байгууллагаар технологийн дагуу бэлтгүүлж, ойн нөөц ашигласны төлбөрт 116588519 төгрөгийг хуримтлуулаад байна.

Холбоотой мэдээ