СЭЛЭНГЭ: “Сэлэнгэ тариа” ХХК анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-09 17:15:26


Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Цагааннуур сумын нутаг дахь “М-Ти-Эс” группийн “Сэлэнгэ тариа” ХХК-ийн тариалангийн талбайд ажилласан юм.

 

“Сэлэнгэ тариа” ХХК нь 12 мянган га эргэлтийн талбайтай бөгөөд 1 га тутмаас 20-22 цн улаанбуудай болон үр тариа хураан авч, “Улаанбаатар гурил” ХХК, “Өгөөж гурил” ХХК, “Өег гурил” ХХК, “АПУ” ХК, “СББ” ХХК, “Майнд Тех” ХХК зэрэг компанид нийлүүлж байгаа аж.

 

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус ХХК нь “Анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм байгуулах” төсөлд хамрагдаж, хөнгөлөлттэй зээл авчээ.

 

Төслийн хүрээнд Цагааннуур суманд нийт 7.500 тн улаанбуудай, үр тариа хадгалах хүчин чадалтай, хатаалга болон цэвэрлэгээний бүрэн автоматжуулсан үтрэм шинээр байгуулахаар ажиллаж байгаа гэдгээ танилцууллаа.

 

Мөн Үндэсний хөдөлгөөний хүрээнд салбарын аж ахуйн нэгжүүдэд цаг үеэ олсон, бодит дэмжлэг үзүүлж, үр ашгийг нь хүртэж эхэлсэнд талархалтай байгаагаа “М-Ти-Эс” группийн Ерөнхий захирал П.Бат-Эрдэнэ энэ үеэр онцолж байлаа.

 

Үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын Их Хурал 36 дугаар тогтоолыг баталж, ирэх таван жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарт 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хийхээр шийдвэрлэсэн байна.

 

Иймээс арилжааны 10 банк жилийн 3-5 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт нэг их наяд төгрөг хүртэлх зээлийг үйлдвэр эрхлэгчдэд олгож байгаа ажээ.

 

Өнөөдрийг хүртэл нийт 1.700 гаруй аж ахуйн нэгж 440 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэх хөрөнгийн зээл авчээ. Тухайлбал газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 1.200 аж ахуйн нэгж багтаж байгаа бөгөөд нийт 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл хүртжээ.

 

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлж, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлжээ.

 

Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлсөн талаар холбогдох хүмүүс мэдээлэл өгөв.






Холбоотой мэдээ