СЭЛЭНГЭ: Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-07 13:01:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг газрын мэргэжлийн байгууллага болох “Вектор мэп” ХХК гүйцэтгэж байна.

 

Аймгийн түвшинд газрын харилцааны асуудлыг өнөөгийн нөхцөлд хэрэгжүүлэх механизм нь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө байдаг байна.

 

“Вектор мэп” ХХК Сэлэнгэ аймгийн ерөнхий төлөвлөгөөг хийж гүйцэтгэх ажлыг 2022 оны 7 дугаар сард эхлүүлжээ.

 

Энэ хугацаанд тус компанийн мэргэжлийн баг бүрэлдэхүүн аймгийн бүх сум, тосгодоор явж шаардлагатай судалгааны ажлуудыг нэг бүрчлэн хийсэн аж.

 

Ингэхдээ аймгийн бүх ангиллын газар ашиглалт, геологи болон хүрээлэн буй орчны суурь судалгааг газрын гадарга, хөрс, ургамалжилт, цаг агаар гээд маш нарийвчлалтайгаар хийсэн байна.

 

Мөн түүх соёлын дурсгалт газар, нийгэм эдийн засгийн суурь судалгааг ч гаргажээ.

 

Сэлэнгэ аймгийн тухайд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ 5 жилийн давтамжтайгаар 3 үе шатанд хувааж 2024-2028 он хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

 

Дээрх үйл ажиллагааны хүрээнд сумдын Засаг дарга, газрын албаны мэргэжилтнүүдийг оролцуулсан ээлжит хэлэлцүүлгийг энэ сарын 6-ны өдөр зохион байгуулж, оролцогчдын саналыг авч харилцан ярилцжээ.

 

“Вектор мэп” ХХК нь Сэлэнгэ аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хийж гүйцэтгэх ажлаа “Хөдөө аж ахуйн менежмент экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM) төсөлтэй хамтран хийж хэрэгжүүлж байгаа юм байна.

 

Дээрх ажлыг мэргэжлийн баг бүрэлдэхүүнээр хийж гүйцэтгүүлж байгаагийн гол зорилго нь аймгийн хөгжлийн алс хэтийн бодлогыг газрын нөөцийн төлөвлөлтөөр дэмжин тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон салбаруудын онцлогтой нягт уялдуулж, иргэд, олон нийтийн оролцоог хангасан дунд, урт хугацааны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулж буйд оршиж байгаа ажээ.

Холбоотой мэдээ