СЭЛЭНГЭ: Аймгийн дарга сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-06 13:18:53

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэл, удирдамжийн дагуу ажлын хэсгүүд сумдад ажиллаж байна.

 

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Баянгол суманд ажиллалаа. 5800 гаруй хүн амтай, 3 багтай тус суманд төсвийн 10 байгууллага төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

 

Аймгийн даргыг ажиллах үеэр тус сумын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангаж, ариутгал халдваргүйтгэлийн хүрээнд сумынхаа нийт мал болон малын өвөлжөө бууцыг бүрэн ариутгасан талаар танилцууллаа.

 

Одоо тус суманд хадлан тэжээл бэлтгэх, нөөц бүрдүүлэх ажил ид явагдаж байгаа бөгөөд суманд хийж байгаа орон нутгийн хөрөнгө оруулалтын ажлууд 90 гаруй хувьтай байна.

 

Аймгийн Засаг даргаас орон нутгийн ажил байдалтай танилцсаныхаа дараа тодорхой үүрэг чиглэлүүдийг өгсөн.

 

Тодруулбал иргэдийн амьдрах орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах, сумын нөөцийн зэрэгцээ, малчдын хувийн нөөцийг бүрдүүлэхэд онцгой анхаарах.

 

Мөн нүүрсний нөөцийг ямар ч нөхцөлд 14 хоногийн бэлэн байдалд тасралтгүйгээр ханган барьж ажиллах, албан байгууллагууд байгууллагынхаа байр орон сууцны дулаан алдагдлыг арилгахад онцгой анхаарч үр дүнтэй ажиллахыг тус тус үүрэг болголоо.

 

Тус суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа ЖДҮ-г дэмжих төвийн барилгын ажил удаашралтай, чанар муу байгаа тул ажлын хэсэг томилж ажиллуулахаар боллоо.

 

Баянгол сумын тухайд ЗДТГ-ын байрыг засварлах хэрэгцээ шаардлагатай байгаа учир анхаарал хандуулахыг хүсэж, багагүй ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд болон аж ахуйн аргаар шийдсэн гэдгээ танилцуулав.

 

Аймгийн засаг даргын зүгээс тус суманд ажиллах хугацаанд төр төсвийн байгууллагаас тавьсан ЭМТ-ийн рентген аппаратын зөвшөөрөл, нарийн мэргэжлийн эмчийн асуудал, бүрэн тоноглосон автомашин, шинээр барьсан соёлын төвийн барилга дээр ажлын хэсэг томилж ажиллуулах. Мөн цэцэрлэгийн гал тогооны 2-р хоолны тогоо, шарах шүүгээ, Онцгой байдлын ангийн тракторын засварын ажил зэргийг шийдвэрлэж өгөхөөр боллоо.

 

Холбоотой мэдээ