Индонезын анхны алтан визийг “OpenAI” компанийн тэргүүн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-09-06 10:46:06

ЖАКАРТА. /Bloomberg/. Хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор гаргаж байгаа Индонезын анхны “алтан виз”-ийг “OpenAI” компанийн ерөнхий захирал Сэм Альтманд 10 жилийн хугацаатай олголоо гэж “Bloomberg” агентлаг тус улсын эрх баригчдын мэдээллийг эш татан уламжилжээ. 


Индонезын цагаачлалын албаны дарга Силми Каримагийн хэлснээр, Альтман бол “дэлхий даяар алдар цуутай, улс оронд нь ашиг тусыг авчирч магадгүй тул” ийм шийдвэр гаргасан аж. Энэ визийг эзэмшигчид тус улсад удаан хугацаагаар оршин суух эрхтэйгээс гадна, хялбаршуулсан журмаар орж, гарах боломжтой юм. 


Гэхдээ Альтман зургаадугаар сард Жакарта руу аялах үеэрээ өөрөө "алтан виз" хүссэн эсэх, мөн Индонезын эдийн засагт хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэж “Bloomberg” бичжээ.


Индонезын эрх баригчид эдийн засгийн өсөлтийг хурдасгахын тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор “алтан виз” гаргаж байгааг “The Jakarta Post” сонин даваа гарагт мэдээлсэн билээ. 


Холбоотой мэдээ