СЭЛЭНГЭ: Улсын хилийн болоод хил орчмын дэглэмийн зѳрчил гаргасан иргэдэд торгууль шийтгэвэр оногдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-05 14:57:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь ХЦ-ийн 0243 дугаар ангийн хариуцсан хэсгээр 2020-2023 оны эхний хагас жилийн хугацаанд 356 хүн улсын хилийн, 633 хүн хил орчмын дэглэмийн зѳрчил гаргажээ.


Дээрх иргэдэд нийтдээ 98 сая 900 мянга гаруй тѳгрѳгийн торгууль шийтгэвэр оногдуулсан байна.


Энэ талаар Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангийн Захирагчийн захиргаа хариуцсан орлогч, дэд хурандаа Н.Ганбатаас тодрууллаа.


-Хилийн болоод хил орчмын зөрчил өнгөрсөн хугацаанд багагүй тоогоор гарсан талаар таны мэдээлэлд дурдагдлаа. Зөрчил гаргахгүй байх талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна?


-Манай ангийн санаачилгаар энэ удаа хил орчмын бүс нутаг болох Хүдэр сумын иргэдэд Монгол Улсын хилийн тухай хууль, зѳрчил хянан шийдвэрлэх, зѳрчлийн тухай хуулиудын холбогдох заалтуудаар сургалт явууллаа. Хүдэр сум бол ойн дагалдах баялаг ихтэй учраас иргэд хил орчмын зөрчил гаргах явдал байдаг.


Иймээс Хүдэр сумын хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын тѳлѳѳлѳлтэй хамтран иргэдэд хууль сурталчлах, зѳрчлѳѳс урьдчилан сэргийлэх талаар хамтарсан тѳлѳвлѳгѳѳ гарган, Хүдэр сумын засаг дарга Г.Энхтүвшинээр батлуулан уулзалт, сургалтыг явууллаа.  


Манай үйл ажиллагаанд Хүдэр сумын Засаг дарга Г.Энхтүвшин, Экологийн цагдаагийн тѳлѳѳлѳгч, цагдаагийн хошууч Н.Эрдэнэбаатар, Сумын хууль, эрх зүйн мэргэжилтэн У.Оюунцацрал, Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мѳнхцэцэг, Хан Хэнтийн дархан цаазат газрын улсын байцаагч Ч.Энхбат нар оролцсон.


-Уулзалтаар чухам ямар асуудлыг хөндөж ярилцав?


-Бид уулзалтын хүрээнд Хүдэр сумын иргэдээс хуш модны самар түүх, хадлан, мод бэлтгэхдээ Монгол Улсын хилийн тухай болон бусад хууль, журмыг мѳрдѳх. Түүнчлэн хилийн журам, дэглэм зѳрчихгүй байх талаар хамтран ажиллаж, зѳрчлѳѳс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх.


Цаашид энэ тѳрлийн зѳрчил гаргахгүй байхад байгууллагууд чиг үүргийн хувь ямар оролцоотой байх, хэрхэн хамтран үр дүнтэй ажиллах талаар ярилцлаа.


-Холбогдох хууль хяналтын байгууллагуудтай танай анги хамтран ажиллана гэлээ. Мэдээж төлөвлөгөө гаргасан байх. Тодорхой ямар ажил төлөвлөсөн бол?


-Бидний хамтран ажиллах тѳлѳвлѳгѳѳнд хууль, журам сурталчлан таниулах. Иргэдэд эрх зүйн боловсрол олгох. Хамгийн гол нь хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хамтарсан үзлэг шалгалтыг тогтмолжуулахыг зааж өглөө.


Мөн багийн зохион байгуулалтад орж ажиллах, мэдээ, мэдээллээ шуурхай дамжуулах суваг бий болгохыг зорьсон.


Түүнчлэн хамтарсан хяналт, шалгалтын пост байгуулах ажлуудыг нэн түрүүнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөөндөө тусгасан байгаа.


Энэ ажил эрчимжээд иргэдэд хууль эрх зүйн мэдлэг, мэдээллээ тогтмол түгээгээд, ажиллаад, хаа хаанаа хяналтаа сайн тавиад ажиллах юм бол хилийн болоод хил орчмын зөрчил гаргахгүй байж болно гэдэгт итгэж байна.


-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ