СЭЛЭНГЭ: Хүүхэд бүрийг өөрийн онцлог чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих боломжийг бүрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-01 16:08:42

Сүхбаатар/МОНЦАМЭ/.  2023-2024 оны хичээлийн жилд Сэлэнгэ аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 35 сургуульд 22616 сурагч, 44 цэцэрлэгт 7000 гаруй хүүхэд суралцана.

 

Эдгээрээс 2113 бяцхан үрс эрдмийн их танхимд хөл тавьж 1 дүгээр ангид элсэн орж байна. Мөн аймгийн хэмжээнд 1134 багш сурган хүмүүжүүлэгчид бяцхан шавь нараа хүлээн авлаа.

 

Улс орон даяар сүүлийн жилүүдэд боловсролын салбарт олон шинэчлэл хэрэгжүүлснээр бүх шатны боловсролд хамрагдагсдын үзүүлэлт жилээс жилд нэмэгдэж, боловсролын үйлчилгээний хүртээмж сайжирсан дүнтэй байна.

 

Монгол хүний эрдэм боловсрол, мэдлэгт тулгуурлан улсаа тогтвортой хөгжүүлэх зорилтын хүрээнд хүүхэд бүрийг өөрийн онцлог чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих боломжийг бүрдүүлэн, сурах арга барилтай, бие даан сурах чадамжтай, шийдвэр гаргах чадвар бүхий эх оронч сэтгэлгээтэй, амьдрах арга ухаанд суралцсан Монгол хүүхэд бэлтгэх зорилтыг аймгийн удирдлагын багаас дэвшүүлэн ажиллаж байна.

 

Мөн БШУЯ-наас баталсан Боловсролын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх, байгууллагын менежментийг сайжруулах зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахаар шинэ хичээлийн жилдээ орлоо.


Түүнчлэн 2023-2024 оны хичээлийн жилийн онцлог, хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулж, "Боловсролын шинэ сэргэлт-Үр дүнд суурилсан бодлого-төлөвлөлт"-ийг хэрэгжүүлж ажиллах талаар мэдлэг ойлголтоо нэгтгэх зорилготой "Шинэ сэргэлт-Сэлэнгэд" цахим бага хурлыг зохион байгуулж, 35 сургууль, 39 цэцэрлэгийн 1500 гаруй удирдах ажилтан, багш нар хамрагдсан байна.

 

Холбоотой мэдээ