Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-08-26 12:46:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга Гашуунсухайт-Ганцмод боомтын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтай танилцлаа.


Энэ үеэр Гашуунсухайт боомтын барилгын өргөтгөл шинэчлэлт, чингэлэг тээврийн терминалаас гарах түр зам, AGV-автомат удирдлагатай чингэлэг тээврийн шинэ гарц болон автозамын бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Монгол Улсын экспортын нүүрсний гол боомт болох Гашуунсухайтыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд авч үзэн цогцоор нь өргөтгөж шинэчлэхээр “Хөгжлийн хөтөч дэд” бүтэц төслийг хэрэгжүүлж буй бөгөөд энэ оны 12 дугаар сарын 30 гэхэд бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулна хэмээн албаныхан онцолж байв.


Цаашлаад Гашуунсухайт боомтын хилээр нэвтэрч буй нүүрс экспортын хэмжээг өдөрт 200 мянган тонн, сард 5 сая тоннд хүргэн нэмэгдүүлэх, ингэхдээ өдөртөө 1500-гаас доошгүй нүүрс тээврийн автомашиныг нэвтрүүлэх шаардлага байгаа аж. Тиймээс хилийн боомтын нэвтрэлтийг сайжруулах, автомат удирдлагатай нүүрс тээврийн хэрэгсэл болох AGV үйл ажиллагааг 24 цагаар явуулах шаардлагатай байгаа  хэмээн Гашуунсухайт боомтын удирлагууд ярилаа. 


Мөн үеэр Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга Гашуунсухайтын бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлж цаг хугацаанд нь багтаан ашиглалтад оруулахыг үүрэгжүүлж, зорчигчийн хил нэвтрэх хөдөлгөөн нээх ажлын бэлэн байдлыг хангаж ажиллахыг чиглэл болгов. Үүний дараа  Ганцмод боомтын үйл ажиллагаатай танилцсан юм.

 

Ганцмод боомт нь 16 гарцтай бөгөөд Гашуунсухайт-Ганцмод боомтын хилээр өчигдрийн байдлаар нүүрс тээврийн 1470 автомашин нэвтэрчээ. Түүнчлэн Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга БНХАУ-ын  ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Засаг дарга Ван Жы Пин, БНХАУ-ын  ӨМӨЗО-ны  Баяннуур аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч дарга Фэн Ай Шятай хийсэн уулзалтын үеэр ойрын хугацаанд Гашуунсухайт-Ганцмод боомтоор зорчигчийн хил  нэвтрэх хөдөлгөөнийг яаралтай нээх, Гашуунсухайт боомтын бүтээн байгуулалттай холбоотойгоор барилгын материалыг хилээр шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон юм.


Баянннуур аймгийн удирдлагууд Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг хамтран урагшлуулах, боомтоор барилгын материал тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд таатай нөхцөл бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Улмаар талууд нөөц бололцоо, хүчин чадлаа нэгтгэж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хөгжлийг түргэтгэж ажиллахаар тохиролцов.

Холбоотой мэдээ