Мэргэн сайд А.Амарын талаарх судалгааны бүтээлүүдийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-09-15 16:59:03

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, төрийн сайд, түүхч А.Амарын мэндэлсний 130 жилийн ойн хүрээнд өнөөдөр эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

Хурлаар эрдэмтэн судлаачид А.Амарын амьдрал, үйл хэрэг, Монгол орны нийгэм, улс төрийн үйл хэрэгт түүний оруулсан хувь нэмэр болон түүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн тухай сүүлийн үеийн судалгаагаа тулгуурлан сонирхолтой илтгэл тавьсан юм.

Энэ үеэр А.Амар сайдын түүхэн амьдралыг харуулсан “Мэргэн сайд А.Амар” баримтат киног бүтээж буй СГЗ, найруулагч Г.Жигжидсүрэн “А.Амар сайд монголын түүхийн томоохон төлөөлөл юм. Энэ хүн асар том хүрээнд ажиллаж байсан том эрдэмтэн, улс төрч. Олон жилийн өмнө Ж.Болдбаатар академич “Амар сайд” номоо хэвлэн, надад бэлэглэж байсан. Харин энэ жил А.Амар сайдын мэндэлсний 130 жилийн ой тохионо гэж надад дуулгасан. Тэгээд би Ж.Болдбаатар багшийн зохиолоор “Мэргэн сайд А.Амар” нэртэй баримтат кино хийхээр шийдсэн юм. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд тавьж буй илтгэлүүдэд урьд сонсогдож байгаагүй шинэлэг баримтууд дурдагдаж байна. Эдгээр сонирхолтой баримтуудаас бүрдсэн баримтат киноныхоо нээлтийн тусгаар тогтнолын баярын өдөр хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа” гэв.

Тус хуралд ШУА-ийн түүх, археологийн хүрээлэн, МУБИС, БХИС-ийн эрдэмтэн судлаачид, түүний төрөл төрөгсөд болон Булган аймгаас төрөн гарсан урлаг соёлын алдартнууд оролцов.

Ж.Болор

Холбоотой мэдээ