Сар хиртэлтийг Улаанбаатарын цагаар 01:54-05:54 цагт харж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batsaikhan@montsame.mn
2016-09-15 16:54:59

Энэ едүгээр сарын 16-17-нд шилжих шөнө сар хиртэнэ хэмээн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Дэлхий дээр Нарны гэрэл тусахад эсрэг талд нь дэлхийн бүтэн (Umbra) болон хагас (Penumbra) сүүдэр үүсдэг. Сар Дэлхийг тойрохдоо дэлхийн сүүдэрт орох үзэгдлийг сарны хиртэлт гэнэ. Сарны бүтэн хиртэлт болохын өмнө давхар сүүдрийн хиртэлт болдог, зарим үед давхар сүүдрийн хиртэлтийн дараа бүтэн хиртэлт болохгүй байх тохиолдол ч байдаг. Сарны хиртэлтийг сар жаргаагүй дэлхийн шөнө болж байгаа талаас ажиглах боломжтой. Нар, сарны хиртэлтийг Нар, Сар, Дэлхийн байрлал давтагдах шинжээр нь цуврал болгон ангилдаг. Тухайн цувралын хиртэлт давтагдах хугацааг Сарос гэдэг. Энэ нь 18 жил 11.3 хоног байна. Үзэгдэх зурвас нь дараагийн сарос бүхэнд дэлхийн гадаргаар баруунаас зүүн тийш 120°-аар шилжих бөгөөд ойролцоогоор гурван саросын хугацаа өнгөрөхөд тодорхой нутгуудад дахин хиртэлт нь ажиглагдана. Ойролцоогоор 18 жил 11.3 хоногийн давтамжтай саросын цуврал нь 1200-1500-н жил үргэлжлэх бөгөөд 70 буюу түүнээс дээш хиртэлтийг агуулсан байдаг. 2016 оны есдүгээр сарын 17-нд (Улаанбаатарын цагаар) болох Сарны хиртэлт нь Саросын 147 дугаартай цуврал бөгөөд 1244.08 жил үргэлжлэх хугацаандаа 71 хиртэлт болохоос ес дэх хиртэлт нь тохиож байна. Энэ удаагийн сарны хиртэлт давхар сүүдрийн хиртэлт болно. Ази, Европ, Африк тивүүд болон Австрали тивийн зарим хэсгээр ажиглагдана. Монгол Улсын хувьд  есдүгээр сарын 17-нд Улаанбаатарын цагаар 01.54 цагт эхэлж 05.54 цагт дуусна. Оргил үе нь 03.54 цаг байна гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ