ДУНДГОВЬ: Их газрын чулуунд өвөрмөц тогтоц бүхий хад, агуй, түүх дурсгалын газар олон бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-08-23 16:58:49
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн “Их газрын чулуу” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Их Газрын Чулууны уулнаа байгаа 13 агуй, хоёр хавцлыг бүртгэж, хэмжилт, эргэлтийн цэгийг координатжуулж, зурагжуулсан байдаг.


Тус аймаг 8 дугаар сарын 11-12-нд “Их газрын чулуу”- ны уулнаа 3200 гаруй уртын дууч, морин хуурч оролцсон “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмыг зохион байгуулж, наадмыг 41000 орчим хүн ирж үзэж сонирхсон бөгөөд ирж оролцсон хүн бүхэн байгалийн энэхүү өвөрмөц тогтоц, үзэсгэлэнг гайхан биширч, агуйнуудаар орж, танилцсан.


Байгалийн энэхүү цогцолбор газар нь уртаашаа 30 км, өргөөшөө 15 км сунаж тогтсон 600 шахам ам.км талбайг эзлэн, хойшоо урагшаа, баруун зүүн тийшээ гудамлан эгнэсэн байц тогтоцтой. Далайн түвшнээс 1565-1709 метр өргөгдсөн боржин, асмалжин, толбожин гэх мэтийн гүний чулуулаг, пермь, цэрд, гурав дахь галвын элсэн чулуу, нүүрслэг занар, алаг мөлгөр хөрзөн, шохойн чулуунаас тогтсон аж. Өлзий, Сүмбэр, Баян уул, Хайрхан зэрэг ноёлог өндөрлөгүүдтэй.


Энд үзэж сонирхох олон тогтоц, өвөрмөц хад, агуй, сүүлийн жилүүдэд бий болгосон бүтээн байгуулалтууд бий. Тодруулбал, аялагчид энд байгалийн Задгай театр, Гэрэлт хөшөө, Тоонотын агуй, Хур харцагын тагт, Эхийн умай агуй, Өвгөн хад, Сэнжит хад, Уст хад, Толгой, Ихрийн агуй, Бурхантын агуй, Лянх хад, Өнөрбаян хайрхан, Тоорой баньдийн агуй, Нүхтийн агуй, Хойд тагтаан баастын хавцал, Урд тагтаан баастын хавцал, Хаан, хатны хад гээд тус цогцолборт газрын байгалийн сайхан, өвөрмөц төрхтэй танилцах боломжтой.



Задгай театр: Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 2006 онд Их газрын чулууны уулнаа байгалийн Задгай театр байгуулсан нь Монголдоо анхдагч болсон юм. Театрын тайзны диаметр нь 18 метр буюу радиус 9 метр бөгөөд 1 метр 40 сантиметрийн өндөртэй. Энэхүү задгай театрын тайзнаа 2006, 2013 онд хоёр удаа Олон улсын урлагийн наадам, 2019, 2023 онд "Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмыг тус тус зохион байгуулсан юм.


Гэрэлт хөшөө: 2006 онд тус театрын дэргэд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлсэн “Гэрэлт хөшөө”-г  босгож "Уяхан замбуу тивийн наран” дууны үгийг сийлэн мөнхөлсөн нь жуулчдын очих дуртай газрын нэг болжээ.



Агуйн судалгаагаар хамгийн урт агуй нь “Тоонотын агуй” 33,1 м урттай бол хамгийн өргөн агуй нь “Өлгийн агуй” 5,6 м өргөнтэй, хамгийн өндөр агуй нь “Эхийн умай”, 3,57 м өндөртэй байна.  Харин “Алагийн агуй” хамгийн өндөр цэгт буюу далайн түвшнээс дээш 1488 м-т оршиж байдаг ажээ.


Тоонотын агуйн төгсгөл хэсэгт орой нь цоорхой байдаг тул “Тоонот” хэмээн нэрлэжээ. “Өлгий” агуй нь Тоонотын агуйгаас зүүн тийш 1,4 километрт байрлах бөгөөд эрт үед энэ агуйд ном судар их байдаг байсан гэлцдэг.

"Их газрын чулуун”-нд ирсэн хүн бүр "Эхийн умай”-гаар орж, бие, болоод сэтгэлээ ариусгасны дараа "Нүхт хад”-д очиж рашаан хүртэн ариусч, дараа нь "Өлгий” хаданд очиж өлгийдүүлэн "хүн болох” зан үйлийг гүйцэтгэх ёстой гэдэг.


Бурхантын агуй: Их газрын чулууны ууланд байсан шар малгайтын дацан буюу Тавин жасын хийдийг бутрахад хойд овоон дээр нь залсан Ансангүндэл Жанрайсиг бурханыг ихэр ах дүү хоёр шөнө нууцаар энэ агуйд байрлуулсан тул “Бурхантын агуй” хэмээн нэрлэх болжээ. Өндөр нь 2 метр, 2-3 хүн багтана. Бурхантын агуйн дээр "Сэнжит хад" байдаг. 




Ихрийн агуй: Өлгийн хийдэд шавилан сууж байсан номч лам Их газрын чулууны байгалийн сайханд татагдан хурал номын жавданг орхиж, энэхүү агуйд суурьшин олон жил ном бясалган буяны ажил хийж, хол ойрын эрэлчид, мөргөлчдөд мэргэ, төлгө буулгадаг байжээ. Энэ агуйн дотор хананд бурхан тахил агуулж байсан хүнхэл, цүнхэл, ор дэвсгэрийн чулуун довжоотой. Даяанч лам нар агуйд “Нямба” хэмээх шашны зан үйлийг үйлддэг байсан гэдэг.



Нүхт хад: Нутгийн ард түмэн "Нүхт хад”-ыг дөрвөн алд уурга оруулахад ёроолд нь хүрдэггүй гүнзгий гэж ярьдаг, нүдний мах ургах, улайх зэрэгт энэ рашаанаар нүдээ угаадаг аж.



Лянх хад: Байгаль эхийн өвөрмөц нэгэн тогтоц бөгөөд “Лянх” хэмээн нэрлэсэн хад бол үр хүүхэд хайрладаг хэмээн нутгийн иргэд сүслэн биширдэг байна.



Баганатын, Гимбэлийн, Жирэгийн зэрэг хэд хэдэн “таг” байдгийн нэг нь хэдэн азарга адуу багтаах зайтай, алдарт бөх "Хур харцага”-ын амьдарч байсан гэх домогт "Хур харцагын таг” юм.

Мөн Хар хашаат, Үйзэнхай, Их, Таван, Тавин, Баруун ганжуурын хийд, Тогоо, тахил буюу Тахилын усны суурин зэрэг түүх соёлын дурсгал энд олон бий.

Их газрын чулууны өвөрмөц тогтцыг ашиглан энэ нутагт "Талын цуурай”, "Ичээнд нь”, "Бушхүүгийн үлгэр”, "Загийн алим”, "Тууврын замд” зэрэг киноны зураг авалтыг хийжээ.








Холбоотой мэдээ