ДУНДГОВЬ: Уралдаан үдийн хоолны шим тэжээлийн тэнцвэрт байдлыг сайжруулах ач холбогдолтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-22 09:06:38
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. “Хүүхдийн шим тэжээлт хоол” аймгийн уралдааныг хоёр дахь жилдээ Мандалговь хотод зохион байгуулж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Өвөрхангай, Дундговь аймгийн 14 сумын 48 тогооч ур чадвараа сорин оролцлоо.  


БШУЯ, ЖАЙКА олон улсын байгууллага хамтран Улаанбаатар хот, Өвөрхангай аймаг, Дундговь аймгаас тус бүр 2 сургууль, нийт 6 сургууль дээр “Ерөнхий боловсролын сургуулиудын үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих” төслийг 2022 оноос хэрэгжүүлж буй.


Төслийн хүрээнд олдоцтой хүнсний бүтээгдэхүүн ашиглан, шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангасан үдийн хоол бэлтгэх орчин, нөхцөлийг сайжруулах, хоол үйлдвэрлэлийн ажилчдыг чадавхжуулах, үдийн хоолны цэсийг боловсронгуй болгох зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулж, орон нутгийн онцлогт тохирсон үдийн хоолоор хангах тогтолцоо, хүнсний ханган нийлүүлэлт, хадгалалт, тээвэрлэлтийн байдалд өөрчлөлт, ахиц дэвшил бий болгоход анхаарч ажиллаж байна.


Төслийн дэмжлэгтэйгээр 2023 онд зохион байгуулсан анхны уралдаанд зөвхөн Дундговь аймгийн тогооч нар оролцож байсан бол энэ жил хүрээгээ тэлж, төслийн үр шимийг хүртэгч бусад аймаг, нийслэлээс тогооч нар оролцсон байна.


Уралдаанд оролцогчдоос Луус сумын ЕБС-ийн үдийн хоолны тогооч Н.Ганцэцэг тэргүүн байр эзэлж, дэд байрт Сайнцагаан сумын Мандал сургуулийн үдийн хоолны тогооч Д.Алтансүх, гуравдугаар байрт Луус сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын тогооч Н.Ганчимэг нар шалгарсан бол тусгай байрыг Говийн ирээдүй цогцолбор сургуулийн дотуур байрын тогооч О.Жавзмаа, Эрдмийн далай сургуулийн үдийн хоолны тогооч Э.Оюунцэцэг нар эзэлж, ур чадвараа харуулжээ.


Тэмцээний ерөнхий шүүгчээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн багш, доктор М.Пүрэвжав, шүүгчээр Боловсролын ерөнхий газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтайван, Дундговь аймгийн тогооч нарын “Галт билэг” холбооны гишүүн, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тэргүүлэх зэрэгтэй зөвлөх багш С.Цэцэгмаа нар ажиллаж, хөндлөнгийн шүүгчид оролцсон юм.


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хэлсэн үгэндээ, “Энэ уралдаан бол хүүхдийн үдийн хоолоор авч байгаа амин дэм, шим тэжээл, эрдсийг хоолондоо яаж шингээж, хүүхдэд яаж амт чанар сайтай хоол өгөх тухай том зорилгыг агуулж байна.


Өнгөрсөн 2023 оныг Дундговь аймаг “Боловсролын чанар хүртээмжийг дэмжих жил” болгон зарлаж, энэхүү зорилтын хүрээнд анх удаа тус уралдааныг зохион байгуулсан. Уралдаанаас шалгарсан бүтээгдэхүүн буюу манай тогооч нарын хийсэн 5 хоол үдийн хоолны цэсэнд орж, улмаар улсын хэмжээнд сургууль цэцэрлэгүүд түүнийг хэрэглэж байгаа.

Энэ жилийн уралдаан өргөжиж, улам илүү өрсөлдөөнтэй болж байна. Манай аймгийн хувьд 2023 оноос эхлээд бага ангид сурдаг хүүхдүүдийнхээ кальци, амин дэмийг тодорхой хэмжээнд нөхөх зорилгоор “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 7 хоногт 3 удаа өдөрт 120 грамм сүү өгдөг болсон.


Үр дүнтэй хэрэгжиж байгаа энэ хөтөлбөрүүдтэй танилцах, туршлага судлах зорилгоор БШУЯ, нийслэл, Өвөрхангай аймгаас холбогдох албан тушаалтан,  мэргэжилтнүүд ирээд өчигдөр ажиллалаа” гэлээ. 



Холбоотой мэдээ