“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн хурлаар санхүүгийн тайланг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-26 15:25:31

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд 28.4 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь нүүрсний нийт экспортын 40.8 хувийг дангаараа бүрдүүлж Монгол Улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлээд байна. Энэ талаар өнөөдөр болсон тус компанийн 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал дээр мэдээлэв.

 

Тайлангийн хугацаанд компанид Засгийн газраас онцгой дэглэм тогтоосноор засаглал, санхүүгийн сахилга бат сайжирч, нүүрс ачих, экспортлох, тээвэрлэх, хил нэвтрүүлэх үйл явц сайжирсныг компанийн ТУЗ-өөс онцлон тэмдэглэлээ.  

 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, саналын эрх бүхий төлөөлөгч болон компанийн удирдлагууд оролцож, 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, ногдол ашиг, мөн компанийн дүрэмд оруулах өөрчлөлт зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн албан ёсны цахим хуудас  болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан, мэдээллийг нийт хувьцаа эзэмшигчдэд нээлттэй, ил тод зохион байгуулав.

Холбоотой мэдээ