Нүүдэлчдийн их наадамд үндэстэн ястанууд брэндээ дэлгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2023-08-20 14:03:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын өнцөг булан бүр дэх ардын авьяастнууд, дэлхийн нүүдэлчин соёлт улсуудын өв тээгч төлөөлөгчид Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Тайж хайрханы бэлд гурван өдрийн турш Нүүдэлчдийн их наадмаа хийж байна.


“Нүүдэлчин” соёлын биет бус өвийн их наадмыг энэ жил олон улсын чанартай болгон зохион байгуулж байгаа нь наадмын цар хүрээг илүүтэй өргөн болгож байна. Фестивальд аймаг, нийслэлийн 1000 гаруй өвлөн уламжлагч, нүүдлийн соёл иргэншил бүхий гадаад улс орны төлөөлөл Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Турк Улс, ЮНЕСКО болон олон улсын байгууллагын өвлөн уламжлагч, зочид төлөөлөгчид, нийтдээ 1100 гаруй нүүдэлчид хуран чуулж байгаа юм.


21 аймгийн үндэстэн ястанууд идээ ундаа, нутгийн онцлох брэнд бүтээгдэхүүнээ дэлгэж, аймаг бүрийн онцлогийг харуулсан язгуур урлагийн үзүүлбэрийг өөр өөрийн отогтоо сонирхуулж байна. өөрөөр хэлбэл нутаг нутгийн гэр, отог бүр өөр өөрийн гэсэн уламжлалт соёлын ахуй орчин бүрдүүлсэн, бусдаасаа ялгарах онцлогтой. Тэд өнөө хэр өдөр тутмын амьдралынхаа нэгэн хэсэг болгож яваа нүүдэлчин ахуйг илтгэх зүйлүүдээ наадамчин олонд дэлгэн харуулж байна. Тухайлбал ноос савах, дээс томох, сур элдэх, шагай харвах, хуруудаж дэмбээдэх гэх мэт нь залуус хүүхдүүд, жуулчдын сонирхлыг ихээхэн татаж байна.  Мөн 200 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарган наадамд оролцож байна.

 


“Нүүдэлчин” соёлын фестиваль нь соёлын биет бус өвийн 7 ай савын 362 өвийн төрөл зүйлтэй нэгэн дор танилцахын зэрэгцээ өв соёлоо дээдлэн хүндэтгэж, соёлын биет бус өвийг хамгаалах, өвлөн уламжлах, суралцахад чухал үүрэг гүйцэтгэх юм.


“Нүүдэлчин” их наадмын хаалтын ажиллагаа өнөөдөр буюу наймдугаар сарын 20-ны 19.30 цагт болно. 

Холбоотой мэдээ